АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК, ЯПОН УЛСТАЙ ХАМТРАН МОНГОЛД БАЙГАА ТЭГШ БУС БАЙДЛЫГ АРИЛГАНА

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС (2013 ОНЫ 2 САРЫН 7) – Өнөөдөр Монгол улсын иргэдийн дунд өсөн нэмэгдэж байгаа тэгш бус байдлыг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн Хөгжлийн Банк болон Монгол Улсын Засгийн Газар техник туслалцааны төслийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурийн Төлөөлөгчийн Газрын эрүүл мэндийн тэргүүлэх мэргэжилтэн Клоуд Бодарт хэлэхдээ “Монгол Улсын ДНБ-ний өсөлт 2012 онд 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан бөгөөд 2013-2014 онд ойролцоогоор 15 хувиар өсөхөөр байгаа нь Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал гэрэл гэгээтэй байгааг харуулж байна. Гэвч зөвхөн уул уурхайн салбарын хөгжилд гол анхаарлаа хандуулан эдийн засгийн бусад салбаруудыг орхигдуулж байгаа нь иргэдийн дунд орлогын маш том зөрүүг бий болгож иргэд наад захын үйлчилгээг хүртэж чадахгүйд хүрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэв.

Монголын уул уурхайн салбар нь маш хурдан өсөх хүлээлттэй байгаа боловч уг салбар нь харьцангуй цөөхөн ажлын байр бий болгодогоос гадна дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт ба түүний Монгол төгрөгний ханшид үзүүлэх нөлөө зэргээс шалтгаалаад энэ салбарын өсөлтөөс Монголчуудын цөөнх л хүртэх боломжтой юм. Иймд, бага орлоготой болон ажлын ур чадвар багатай иргэдийг инфляцын нөлөөллөөс хамгаалах, тэдэнд ажил хөдөлмөр эрхлэх боломж олгох, төрийн үйлчилгээг тэгш хүртэхэд нь туслах замаар эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтад тэгш оролцуулах асуудал Монгол улсын Засгийн Газрын хувьд шийдвэрлэх хэрэгтэй анхаарал татсан гол асуудлуудын нэг болоод байна.

Гэрээ байгуулж буй энэхүү төслийн 1 сая ам.долларын санхүүжилтийг Ядуурлыг Бууруулах Японы Сангаас Азийн Хөгжлийн Банкаар захиран зарцуулуулахаар олгож байгаа ба энэхүү техник туслалцааны төслийн зорилго нь тэгш бус байдлын шалтгаан болон түүнийг шийдвэрлэхэд тулгарч байгаа саад бэрхшээлийг тодорхойлоход оршино. Төсөл хэрэгжих 27 сарын хугацаанд Монгол Улсын Засгийн Газар нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүдийг өргөн хүрээтэй оролцуулан Монгол Улсын тэгш хүртээмжтэй өсөлтөд саад болж байгаа гол хүчин зүйлүүдийг тодорхойлох ба төслийн хүрээнд боловсруулах бодлогын зөвлөмжүүд нь Засгийн Газрын нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгалаа олж хүртээмжтэй өсөлтийг бий болгоход тэргүүлэх үүрэгтэй оролцох эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, мэргэжлийн сургалт, тээвэр болон гэр хорооллыг хөгжүүлэх зэрэг салбаруудын хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон стратеги төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлнэ.

Засгийн Газар тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн өөрийн бодлогыг зөв тодорхойлхын тулд олон улсын түвшинд баримталж байгаа бодлого болон хүртээмжтэй өсөлтийг хангах чиглэлээр нөөц баялаг ихтэй бусад улс орнуудын авч хэрэгжүүлсэн тэргүүн туршлагуудыг үнэлэн судлах болно. Түүнчлэн компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх туршлагыг судлан нийгмийн халамжийн үйлчилгээг харан сууж буй хот, хөдөөгийн ажилгүйчүүдийг тохирох ажил олгогчтой нь холбож өгөх туршилтын төслүүдийг хэрэгжүүлнэ.