МОНГОЛ УЛС АХБ-НЫ ТУСЛАЛЦААТАЙГААР ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭ ХӨГЖҮҮЛНЭ

Улаанбаатар, Монгол Улс (2012 оны 3 дугаар сарын 20) – Азийн хөгжлийн банкны 1 сая ам.долларын техникийн буцалтгүй тусламжаар төсвийн хөрөнгө оруулалттай төслүүдийг цаашид санхүүжүүлэх үүрэгтэй Засгийн газрын өрийн бичгийн зах зээлийг Монгол Улсын Засгийн газраас хөгжүүлэхээр боллоо.

Уг техникийн туслалцаа нь Засгийн газрын бондын зах зээлийг сайжруулж, санхүүжилтийн зардал болон эрсдлийн удирдлагыг бэхжүүлэхэд чиглэгдэх бөгөөд мөн өрийн бичгийн дуудлага худалдааны тогтолцоог сайжруулан, төрийн албан хаагчид, зах зээлд оролцогчид, бодлого боловсруулагч нарын өрийн бичгийн зах зээлийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлнэ. Ингэснээр нэн тулгамдсан салбаруудад хөрөнгийг чиглүүлж, хэтийн эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм.

"Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн нэн чухал энэ үед үр бүтээмжтэй санхүүгийн зах зээл нь эдийн засгийн өсөлтийг илүү тогтвортой бөгөөд нийгмийн олон давхаргад хүртээмжтэй болгох ач холбогдолтой," – гэж АХБ-ны Санхүүгийн салбарын мэргэжилтэн Хюнг Жү Ли цохон тэмдэглэв. Мөн тэрээр "Засгийн газрын бондын  зах зээлийн хөгжил нь  Монгол улсын нийт санхүүгийн зах зээлийн цаашдын хөгжлийн тулгуур болох боломжтой" гэв.

Монгол Улс төсвийн санхүүжилттэй төсөлд нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа нь манай улсын Засгийн газрын өрийн бичгийн зах зээлийн хэрэгцээг өсгөж байгааг харуулж байна.Тус зах зээл хөгжиснөөр улсын хөрөнгө оруулалтад элдэв санхүүгийн эх үүсвэрийг татан оролцуулахад дөхөмтэй болох юм.

Хэвийн сайн ажиллагаатай бондын зах зээлтэй болсноор өрийн бичгийг тогтмол гаргах, хянах, санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн  үнэ цэнийг зөв тогтоох, холбогдох бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх боломжтой болох бөгөөд ингэснээр илүү оновчтой мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болох юм. Мөн санхүүгийн зах зээлийн төрөл зүйл олон болж, өрсөлдөөнийг бий болгосноор санхүүгийн гүйлгээний өртөг буурах юм.

Уг техникийн туслалцааны 500,000 ам.долларыг АХБ-ны Санхүүгийн салбарыг хөгжүүлэх сангаас буцалтгүй тусламжаар, үлдэгдэл 500,000 ам.долларыг БНСУ-ын цахим Ази болон мэдлэгийн түншлэлийн сангийн буцалтгүй тусламжаар санхүүжиж байгаа юм. Төслийг Монгол Улсын Сангийн яам хэрэгжүүлнэ.

Монгол Улс АХБ-нд 1991 онд нэгдсэн бөгөөд нийт 774.7 сая ам.долларын 44 зээл авсан. АХБ-ны зорилт нь Засгийн газрын хөгжлийн томоохон стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хувийн хэвшилд түшиглэсэн хөгжилийг хурдасгах, орон нутаг хот хоорондын хөгжлийн ялгааг буурулахад оршдог. Одоогийн байдлаар нийт 89.16сая ам.доллартай тэнцэх 159 техникийн буцалтгүй туслалцааг АХБ-наас Монгол Улсад хэрэгжүүлсэн.