Эрчимтэй эдийн засгийн өсөлт нь дэд бүтцийн хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн тогтвортой байдлыг шаардаж байна

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2012 оны 4 дүгээр сарын 11) – Монгол улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа ч төсвийн бодлого нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах болон бүх Монголчуудад хүртээмжтэй урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгцээг зохистойгоор тэнцвэржүүлэхэд чиглэсэн байх ёстойг Азийн Хөгжлийн Банк (АХБ)-аас эрхлэн гаргадаг шинэ тайланд цохон тэмдэглэсэн байна.

Өнөөдөр хэвлэгдэн гарч буй АХБ-ны тэргүүлэх судалгаа, эдийн засгийн жил тутмын хэвлэл болох Азийн хөгжлийн төлөв 2012 (АХТ 2012) тайланд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний өсөлт, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэлийн үр дүнд 2012 онд 15%, 2013 онд 17.5% хүрнэ гэж тооцоолсон байна. ДНБ 2011 онд 17.3%-иар өссөн байна.

Ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, цэвэр бохир усан хангамж зэрэг нэн чухал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн зүгээс дэд бүтцийн салбарт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгцээтэй байгаа билээ. Эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн салбарыг байгаль орчинд ээлтэй, зөв шударга байдлаар хөгжүүлэх зэрэгт мөн л дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд шаардагдаж байгаа хэдий ч Хүний хөгжлийн сангаас нийт хүн амд хавтгайрсан бэлэн мөнгө олгох зэрэг төсвийн хэт их тэлэлт нь инфляцийг хөөрөгдүүлж, эдийн засгийг гадны сөрөг нөлөөллөөс хэт хамааралтай, эмзэг болгож байна. Монголбанк 2010 оны эхэн үеэс мөнгөний хатуу бодлого явуулж ирсэн бөгөөд 2012 оны 2-р сард инфляцийн түвшин 12,5% хүрч ирэх хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд байх төлөвтэй байна.

Банкны салбар нь 2009 онд нүүрлэсэн санхүүгийн хямралаас хойш ихээхэн сэргэсэн билээ. Гэвч банкны зээл олголт 2011 оны эцсийн байдлаар өмнөх жилээс 70%-иар нэмэгдсэн нь эдийн засаг дахь эрэлтийг өдөөхийн зэрэгцээ банкны эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Тиймээс Монголбанкны зүгээс банкуудын эрсдэлд чанд хяналт тавьж, журмаар тогтоож өгсөн зохистой харьцаа, шалгуур үзүүлэлтүүдийн хангалтыг хянаж байх нь нэн чухал юм.

Монгол Улсын эдийн засаг нь түүхий эдийн үнийн хэлбэлзэл, олон улсын санхүүгийн зах зээл дэх өөрчлөлтөөс нэн их хамааралтай хэвээр байна. Европын зарим орнуудын өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой бус байгаа нь дэлхийн эдийн засгийн төлөв байдалд хамгийн ихээр заналхийлж байна. Монгол Улсын хувьд бол эдийн засаг, улс төрийн институцыг сайжруулах, байгалийн баялгаас орж ирж буй орлогыг ил тод, хариуцлагатай, шударга удирдахад дунд хугацааны гол сорилт оршиж байна.

АХТ 2012 тайлангийн өсөн нэмэгдэж буй орлогын тэгш бус байдлын тухай тусгай бүлэгт Азийн хөгжиж буй орнууд өнгөрсөн хорин жилийн хугацаанд бусад бүс нутгийн улс орнуудтай харьцуулахад илүү хурдан өсөлттэй, ядуурлыг үлэмж бууруулж чадсан ч орлогын ялгаа, тэгш бус байдал мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн гэж дүгнэсэн байна. Нийгмийн бүх давхаргад хүртээмжтэй өсөлтийг хангахад доорхи бодлого хамгийн чухал үүрэгтэй: (i) боловсрол, эрүүл мэндийн салбарт, нэн ялангуяа орлого багатай иргэдэд чиглэсэн засгийн газрын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, (ii) зорилтот бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн тогтолцоог нэвтрүүлэх, (iii) алслагдсан, хөгжил дорой бүс нутгуудтай холбох зам харилцааг сайжруулах, (iv) эдийн засгийг төрөлжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зэрэг орно.