ХӨВСГӨЛ НУУРЫН БЦГ-Т АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛЭХ, СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ НӨХЦӨЛ САЙЖРУУЛАХ, ТӨЛБӨРИЙН ЧАДВАРТ НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ТӨСЛҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

News from Country Offices | 26 January 2016

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС — Азийн Хөгжлийн Банк болон Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 7 сая ам долларын өртөгтэй буцалтгүй тусламжийн 3 төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төслүүд нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын байгаль орчин ба иргэдийн амьжиргааг сайжруулах, Монголын алслагдсан баруун бүсэд сургуулийн дотуур байрны нөхцөл сайжруулах, мөн Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

Эдгээр гурван төслийг АХБ-аар дамжин хэрэгждэг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн эх үүсвэртэй Ядуурлыг бууруулах японы сангаас санхүүжүүлж байгаа ба уг сангийн санхүүжилтээр сүүлийн 16 жилд Монгол Улсад  боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, ажлын байр бий болгох, байгаль орчныг хамгаалах чиглэлээр нийт 42 төслийг хэрэгжүүлсэн байна.

Төслийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б. Болор, Азийн Хөгжлийн Банкийг төлөөлж Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр зурж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Т.Батцэрэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УБ хотын орлогч дарга С.Очирбат, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такенори Шимизү нар оролцлоо.

“Хөвсгөл нуурын төсөл нь АХБ-ны Монгол дахь аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж буй эхний төсөл бөгөөд ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн оролцоонд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад чиглэнэ” хэмээн Р. Шоэллхаммэр тэмдэглэлээ. “Дотуур байрны төсөл нь хүүхдүүд, тэр дундаа малчдын хүүхдүүдийн чанартай боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхэд туслах бол төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг сайжруулах төсөл нь Улаанбаатар хотын хурдацтай тэлж байгаа хорооллуудад “ногоон” төлөвлөлтийн шийдэл гаргана. Эдгээр төслүүд нь эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайгаас бусад салбарт ажлын байр нэмэгдүүлэх, ард иргэдэд, нэн ялангуяа эмзэг бүлгийн иргэдэд боломж олгох АХБ-ны өргөн хүрээний стратегитэй нийцэж буй юм.”

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар нь Монгол орны хамгаалалттай газрын дунд байгалийн үзэсгэлэнгээрээ ямагт тэргүүлж ирсэн. Нуурыг тойрон 1 сая гаруй га ой мод, мөнх цаст уулс сүндэрлэдэг ба нуур нь улсын цэнгэг усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэнгэг усны нөөцийн 1 хувийг агуулна. Нуурын цэнгэг ус нь Монгол Улсын хувьд маш чухал ач холбогдолтой бол цогцолбор газрын онгон дагшин байгаль, биологийн олон янз байдал нь дэлхийн хэмжээний ач холбогдолтой. 

Уг төслийн хүрээнд бэлчээрийн менежментийг сайжруулж, нуур орчмын байгалийг хамгаалах, цогцолбор газар болон зэргэлдээ амьдардаг нутгийн хүн амд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн дотоодын  аялал  жуулчлал, хог хаягдлын менежментийг сайжруулахад хамгаалалтын захиргаа, нутгийн иргэд, аялал жуулчлалын операторуудын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэнэ.

Сургуулийн дотуур байрны тогтолцоог анх боловсролын үйчилгээг хөдөө орон нутгийн хүүхдүүдэд, нэн ялангуяа малчдын хүүхдүүдэд хүргэхийн тулд байгуулсан байдаг. Гэвч 1970, 1980-аад онд баригдсан дотуур байрны нөхцлийг нэн яаралтай сайжруулах шаардлагатай байна.  

Буцалтгүй тусламжийн төслөөр дамжуулж Говь-Алтай, Увс, Завхан аймгуудын сургуулийн дотуур байрны нөхцөл, үйлчилгээг сайжруулах, багш, ажилчдын чадавхийг бэхжүүлэх, дотуур байрны орчинг сайжруулах үндэсний стратеги, стандартыг боловсруулах үйл ажиллагаа явуулна. Монгол орны баруун бүсэд илүү олон тооны сурагч дотуур байранд амьдардаг ба тэдний 80 хувь нь малчдын хүүхдүүд байдаг байна.

Монгол улсын 3 сая хүн амын дөрөвний нэг орчим нь (780,000), нийслэлийн 1.3 сая хүн амын 60 хувь нь оршин суудаг гэр хорооллын иргэдийн орон сууцны суурь нөхцлийг сайжруулах нь Засгийн газрын тэргүүний зорилтуудын нэг билээ. Уг төсөл нь  нийслэл хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын оршин суугчдын дэд бүтэц, амьдрах орчинг сайжруулахаар Улаанбаатар хотын захиргаанаас авч буй санал санаачилгыг дэмжин ажиллах юм.

Ядуурлыг бууруулах японы сан нь 2000 онд байгуулагдсан ба АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудын хамгийн ядуу, эмзэг хэсгийнхэнд шууд чиглэсэн буцалтгүй тусламжийг олгож, нийгэм-эдийн засгийн урт хугацааны хөгжлийг дэмжин ажилладаг юм.

Манила хотод төвтэй АХБ нь эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагаа хангах замаар Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад ядуурал бууруулахын төлөө ажилладаг байгууллага юм. АХБ 1966 онд анх байгуулагдаж 67 гишүүн орон нэгдсэн байдаг бөгөөд 48 нь тухайн бүс нутгийн орнууд юм.