МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2023 оны 10-р сарын 5) — Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах 100 сая ам.долларын зээлийг өнөөдөр баталлаа.

 “Монгол Улсын эдийн засаг уул уурхайн орлогоос өндөр хамааралтай учраас түүхий эдийн зах зээлийн савлагаа, гадаад зах зээлийн цочрол, сөрөг нөлөөлөлд өртөмтгий байна” хэмээн АХБ-ны Улсын секторын удирдлагын тэргүүлэх мэргэжилтэн Ханс ван Райн хэлээд,  “Төсөв, санхүү, эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах энэхүү дэд хөтөлбөр 1 нь татварын орлого төвлөрүүлэлт болон өрийн удирдлагыг сайжруулах, банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг тус тус дэмжинэ” хэмээн тодруулав.

Монгол Улсын эдийн засаг өндөр хэлбэлзэлтэй, агшилт-тэлэлтийн мөчлөгтэй удаа дараа нүүр тулж байна. Эдийн засгийн одоогийн цаг үе нь 2008 оноос хойших гурав дахь удаагийн өсөлт-тэлэлтийн мөчлөг юм. Ийм үед эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулахад анхаарах хэрэгтэй бөгөөд эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг хурдацтай хэрэгжүүлэх нь нэн чухал.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дотоодын татварын удирдлагыг бүтцийн хувьд улам боловсронгуй болгох, олон улсын татварын гэрээ хэлэлцээр, сайн жишигтэй илүү нийцүүлэх, мэдээлэл солилцоог автоматжуулах замаар татварын орлогын өсөлтийг дэмжинэ.

Эрсдэлд суурилсан хандлага, аргачлалыг өрийн удирдлагад нэвтрүүлж, дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжин, төсөв болон өрийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлснээр Монгол Улсын өрийн тогтвортой байдал сайжирна.

Мөн тус хөтөлбөр нь банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын орчныг улам боловсронгуй болгох, чанаргүй зээл шийдвэрлэлтийн үйл явцыг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах замаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлнэ.

Эцэст нь, эдгээр шинэчлэлийн хүрээнд хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг дэмжих эрх зүйн орчныг шинэчлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг сайжруулах замаар хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн хөгжлийг дэмжих болно.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact