АХБ гишүүн орнууддаа КОВИД-19-ийн вакцин худалдан авч, түгээхэд нь дэмжлэг үзүүлэх 9 тэрбум ам.долларын хөтөлбөр эхлүүллээ

News Release | 11 December 2020

ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2020 оны 12 дугаар сарын 11) - Азийн Хөгжлийн Банк (АХБ) 9 тэрбум ам.долларын төсөвтэй вакцины санаачлага болох Ази, Номхон далайг вакцинд хамруулах АПВАКС хөтөлбөрөө өнөөдөр эхлүүллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд тус банк коронавируст халдварын (КОВИД-19) эсрэг үр дүнтэй, аюулгүй вакцин худалдан авч, иргэдээ дархлаажуулахад нь хөгжиж буй гишүүн орнууддаа түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй дэмжлэг үзүүлэх юм. 

“Иргэдээ аль болох хурдан вакцинжуулахаар зэхэж буй АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудад вакцин худалдан авах санхүүжилт хэрэгтэйгээс гадна вакцинжуулах ажлыг аюулгүй, тэгш хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах төлөвлөгөө, мэдлэг чадвар шаардлагатай болж байна.” хэмээн АХБ-ны Ерөнхийлөгч Масацугу Асакава хэлээд, “Хөгжиж буй гишүүн орнууддаа эдгээр бэрхшээлийг даван туулж, цар тахлыг ардаа орхин, цаашлаад эдийн засгаа сэргээхэд нь банкны зүгээс дэмжлэг үзүүлэхэд АПВАКС хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэх болно” хэмээн онцлов.

Ази, Номхон далайн бүс нутагт 14.3 сая гаруй батлагдсан тохиолдол илэрснээс 200,000 гаруй хүн нас барсан. Цар тахал даамжирснаас Ази тивийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2020 онд 0.4 хувиар агших төлөвтэй байгаа нь 1960-аад оны эхэн үеэс хойш дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тус бүс нутагт агшиж буй анхны тохиолдол болох юм.

Аюулгүй, тэгш хүртээмжтэй бөгөөд үр дүнтэй вакцинд хамрагдах боломжийг дэмжих нь АХБ-ны КОВИД-19-ийн эсрэг авч буй хариу арга хэмжээний хамгийн чухал хэсэг юм. Вакцинжуулалтын хөтөлбөр нь вирусын тархалтыг таслан зогсоож, иргэдийн амь насыг аврахын зэрэгцээ иргэдийн аюулгүй хөдөлмөрлөх, аялах, нийгмийн амьдралд оролцох итгэлийг сэргээснээр цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж чадна.

АПВАКС хөтөлбөр нь хоёр нэмэлт бүрэлдэхүүн хэсгээрээ дамжуулан Ази тивийн хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох цогц бүтэц, хөрөнгө нөөцийг олгох юм. Шуурхай хариу арга хэмжээ үзүүлэх бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд вакциныг судлах, худалдан авах, үйлдвэрлэсэн газраас АХБ-ны хөгжиж буй гишүүн орон руу тээвэрлэх зэрэгт цаг алдалгүй дэмжлэг үзүүлэх болно.

Төслийн хөрөнгө оруулалтын бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд вакциныг амжилттай түгээх, хүргэх, вакцинжуулалтыг зохион байгуулах тогтолцоонд хөрөнгө оруулахын зэрэгцээ чадавхи бэхжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах, тандалтын үр дүнг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн дагалдах хөрөнгө оруулалтыг хийнэ. Үүнд хүйтэн хэлхээ бүхий агуулах байгууламж ба тээвэрлэлт, тээврийн хэрэгсэл, түгээлтийн дэд бүтэц, боловсруулах байгууламж болон бусад биет хөрөнгө оруулалт багтаж буй юм. Мөн энэхүү бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хөгжиж буй гишүүн орнуудад вакцин үйлдвэрлэх чадавхийг хөгжүүлж, өргөжүүлэхэд хөрөнгө оруулах боломжтой.

АХБ нь вакцинтай холбоотой санхүүжилтээ олгохдоо Дэлхийн Банк, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), КОВИД-19 Вакцины Даян Дэлхийн Хөтөлбөр (КОВАК), ГАВИ болон бусад хоёр талт, олон талт түншүүдтэйгээ нягт уялдаатай ажиллах болно.

АПВАКС хөтөлбөр нь аюулгүй, үр дүнтэй вакцинд шударгаар хамрагдах боломжийг дэмжинэ. Хөтөлбөрийн санхүүжилтэд хамрагдахын тулд тухайн вакцин нь дараах гурван шалгуурын аль нэгийг хангасан байх ёстой. Үүнд: КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан худалдан авч буй байх, ДЭМБ-ын урьдчилсан шаардлагыг хангасан байх, эсвэл өндөр шаардлагатай улсын зохицуулалтын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байх зэрэг болно. Хөгжиж буй гишүүн улс нь вакцинжуулалтын хэрэгцээний үнэлгээ, вакцин хуваарилах төлөвлөгөө гаргасан байх, хөгжлийн түншүүдийн үр дүнтэй зохицуулалтын механизмыг хангасан байх нэмэлт шалгуурууд тавигдсанаар АПВАКС хөтөлбөрийн хүрээнд вакцины дэмжлэгийг шударгаар, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж буй юм.

АХБ мөн хөгжиж буй гишүүн орнуудынхаа аюулгүй, үр дүнтэй вакцин худалдан авах, түгээлт болон вакцинжуулалтад хэрэгцээтэй бараа материалыг татах хүчин чармайлтыг дэмжих зорилгоор 500 сая ам.долларын Вакцин импортлох хөтөлбөрийг эхлүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь АХБ-ны Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг санхүүжүүлэх хөтөлбөрийн нэг хэсэг болно. Вакцин импортлох хөтөлбөрийн хүрээнд гурван А үнэлгээтэй батлан даалтын үйлчилгээг үзүүлснээр төлбөрийн эрсдэлийг бууруулж, эдгээр барааг импортлох явцыг хөнгөвчлөх юм. Тус хөтөлбөр нь КОВАКС хөтөлбөртэй ижил вакцины шаардлагыг ашиглах юм. Импортын хөтөлбөрөөр хувийн хэвшлийн түншүүдтэй хамтран санхүүжилт хийснээр нэг жилийн хугацаанд вакцин болон холбогдох импортыг дэмжихэд нэг тэрбум ам.долларын санхүүжилтийг дайчлах боломжтой.

Энэ жилийн 4 дүгээр сард, АХБ цар тахлын үр дагаврыг арилгахад өөрийн хөгжиж буй гишүүн орнууддаа дэмжлэг үзүүлэх 20 тэрбум ам.долларын багцыг баталсан бөгөөд тусламжаа илүү хурдан, уян хатан байдлаар үзүүлэх зорилгоор зарим дүрэм журмаа хялбаршуулсан юм. АХБ 14.9 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцаа үзүүлэхээр баталсан бөгөөд үүнд КОВИД-19 Цар тахлын хариу арга хэмжээний хувилбар (CPRO) хөтөлбөрөөс санхүүжүүлэх 9.9 тэрбум ам.долларын яаралтай төсвийн дэмжлэг, хувийн хэвшлийн дэмжлэг зэрэг багтаж байна.

Мөн энэ оны 11 дүгээр сард, АХБ Ази, Номхон далайн бүс нутагт вакциныг үр ашигтай, тэгш түгээх боломжийг бүрдүүлэх тогтолцоог бий болгох зорилгоор 20.3 сая ам.долларын нэмэлт техникийн туслалцаа үзүүлэх болсноо зарласан юм. 

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.