ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2021 оны 4-р сарын 27) — Ази, Номхон далайн бүсэд коронавирусийн өвчлөл (КОВИД-19)-ийн халдварыг хумих, цар тахлаас тогтвортой сэргээх ногоон хөгжлийг дэмжих, түүнчлэн хөгжлийн урт хугацааны сорилтуудыг шийдвэрлэхэд зориулж Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас 2020 онд нийт 31.6 тэрбум ам.долларын санхүүжилтийг баталсан нь түүхэндээ хамгийн өндөр дүнтэй дэмжлэгийн рекорд тогтоогоод байна.

Урьдчилан тооцох боломжгүй сорилтуудаар дүүрэн байсан 2020 онд хөгжиж буй гишүүн орнууд (ХБГО)-даа үзүүлсэн дэмжлэг туслалцааныхаа санхүүгийн болон үйл ажиллагааны гүйцэтгэлийг АХБ өнөөдөр танилцуулсан 2020 оны жилийн тайлан-даа дэлгэрэнгүй тайлагнажээ.

“АХБ-ны дэмжлэг туслалцаа нь эрүүл мэндийн тогтолцоог сайжруулж, эмзэг бүлгийнхнийг хамгаалж, жижиг бизнесүүдийг дэмжиж, цар тахлаас эргэн сэргэх замыг нь тодорхойлж байна,” гэж АХБ-ны Ерөнхийлөгч Масацүгү Асакава хэлээд, “Бүс нутгийг цар тахлаас эргэн сэргэхэд нь дэмжлэг үзүүлэхийн сацуу бид ХБГО-уудаа ухаалаг, тогтвортой байдлаар дахин сэргэн босоход нь анхаарч ажиллах болно” хэмээв.

2020 онд АХБ өөрийн эх үүсвэрээсээ 31.6 тэрбум ам.долларын санхүүжилтийг баталсан нь 2019 оны 24 тэрбум ам.доллароос даруй 32% өндөр дүн юм. Энэхүү санхүүжилтэд засгийн газрууд болон хувийн хэвшилд олгосон богино хугацааны худалдааны санхүүжилт, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт, микро санхүүжилт зэрэг зээл, зээлийн баталгаа, буцалтгүй тусламж, хувьцааны хөрөнгө оруулалт, техникийн тусламжууд багтаж буй юм.

АХБ-ны 2020 онд баталсан нийт санхүүжилтийн тал орчим нь буюу 16.1 тэрбум ам.доллар нь цар тахлын хариу арга хэмжээнд зориулагдсан бөгөөд үлдсэн нь жэндерийн тэгш байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, чанартай дэд бүтцэд хөрөнгө оруулах зэрэг ХБГО-уудынхаа урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэгджээ.

2020 оны 4 дүгээр сард зарласан 20 тэрбум ам.долларын багц хөтөлбөрөөр дамжуулан өнгөрсөн онд АХБ-наас цар тахлын хариу арга хэмжээнд зориулж олгосон нийт 16.1 тэрбум ам.долларын санхүүжилтийг хэд хэдэн сувгаар хүргэсний хамгийн онцлох арга хэмжээ нь “КОВИД-19-ийн цар тахлын хариу арга хэмжээний боломжит хувилбар” хэмээх шинэ хөтөлбөр юм. Үүгээр дамжуулан оны эцэс гэхэд нийт 26 улсад түргэн хугацаанд төсвийн дэмжлэг үзүүлж чадсан. 16.1 тэрбум ам.доллароос 2.9 тэрбум ам.долларыг нь хувийн хэвшилд олгосон бөгөөд энэ хүрээнд компаниудад шууд дэмжлэг үзүүлж, худалдааны сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангахад зориулж худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт олгосон юм.

АХБ мөн КОВИД-19-ийн вакцины аюулгүй, үр дүнтэй нийлүүлэлтийг хангаж, тэгш, хүртээмжтэй вакцинжуулалтыг дэмжих зорилгоор 2020 оны 12 дугаар сард 9 тэрбум ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.

Цар тахлын үед ХБГО-уудынхаа онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тусгайлсан, түргэн шуурхай дэмжлэг үзүүлэхийн хажуугаар урт хугацааны стратеги болох “Стратеги 2030”-даа тусгасан хөгжлийн суурь сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн зорилтууддаа АХБ анхаарлаа хандуулсаар ирлээ. Тухайлбал, АХБ 2030 он гэхэд нийт үйл ажиллагааныхаа 75-аас доошгүй хувийг жэндерийн тэгш байдлыг дэмжихэд чиглүүлэх зорилтдоо хүрэхэд ойртоод байна.

Энэхүү өндөр дүнтэй арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхийн тулд АХБ түүхэндээ хамгийн өндөр дүнтэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний валютын бонд, ногоон хөгжил, жэндерийн тэгш байдал, эрүүл мэнд, усны хангамжид зориулсан бондуудаар дамжуулан 35.8 тэрбум ам.долларыг босгосон байна. Түүнчлэн нийт 16.4 тэрбум ам.долларын дүнтэй хамтарсан санхүүжилтыг босгосон нь мөн рекорд тогтоогоод байгаа бөгөөд үүнд бусад олон улсын байгууллагууд болон хувийн санхүүгийн институциудтай хамтран хэрэгжүүлж буй КОВИД-19-ийн хариу арга хэмжээнд зориулсан 10.8 тэрбум ам.долларын санхүүжилт багтаж буй юм.

Бодлого тодорхойлолтыг илүү мэдээлэлд суурилсан болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор АХБ гишүүн орнуудынхаа хооронд мэдлэг солилцох үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгоход анхаарч, өөрийн судалгаа, шинжилгээний ажлуудыг түргэвчилсэн байна. Энэ хүрээнд эмнэлгийн хангамжийг саад бэрхшээлгүй явуулах зорилго бүхий нийлүүлэлтийн сүлжээний зураглал, ногоон сэргээн босголтын санаачилга зэрэг сургалтын үйл ажиллагаа, нөлөөллийн үнэлгээнд дэмжлэг үзүүлэх КОВИД-19 бодлогын мэдээллийн сан гэх мэт мэдлэгийн томоохон эх сурвалжуудыг байгуулж, олон нийтийн хүртээл болгосон.

Үйл ажиллагаа, санхүүгийн гүйцэтгэлээс гадна 2020 оны жилийн тайланд өнгөрсөн жилийн туршид ХБГО-ддаа үр дүнтэй дэмжлэг үзүүлж, ажлын шинэ орчинд дасан зохицоход нь дөхөм болсон байгууллагын дотоод зохион байгуулалтын онцлогоосоо тусгажээ. АХБ-ны жилийн тайланг www.adb.org/ar2020/digital хаягаар орж үзэх боломжтой бөгөөд цахим хувилбараас гадна утаснаас үзэхэд тохиромжтой мултимедиа хувилбараар харах боломжтой юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact