ЁКОХАМА ХОТ, ЯПОН УЛС (2017 оны 5 дугаар сарын 4) — Ёкохама хотноо болж буй Азийн хөгжлийн банкны (АХБ) Захирлуудын зөвлөлийн 50 дахь удаагийн хуралдааны үеэр тус банкны хагас зуун жилийн ойд зориулсанАзи, Номхон далайн бүс нутгийн ирээдүйд итгэх нь: Азийн хөгжлийн банкны 50 жилийн түүх номыг танилцууллаа. Анх 1966 онд үүсгэн байгуулагдсанаас өнөөг хүртэл АХБ-наас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг арав арван жилийн цагалбараар энэхүү номонд тоймлон өгүүлжээ. Мөн АХБ анх байгуулагдах үед Ази, Номхон далайн өнцөг булан бүрээс ирж байсан саналуудаас эхлээд Бангкок, Манил болон бусад хотуудад болсон бэлтгэл хурлууд, банкны дүрэм, гишүүнчлэл, төв оффисын байршил зэргийг хэлэлцэхэд бүс нутгийн болоод бусад талууд хэрхэн хамтран ажилласан талаархи сонирхолтой баримтуудыг уг номонд багтаасан байна.

АХБ-ны Захирлуудын зөвлөлийн гишүүн асан, АХБ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн декан асан, Австралийн Үндэсний Их сургуулийн академич Петер МкКоли энэхүү номыг бичсэн бөгөөд түүнд АХБ-ны ажилтнуудын баг, тус банкинд ажиллаж байсан болон бусад олон хүн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна.

Өвөрмөц онцлог бүхий Азийн бүс нутагт өнгөрсөн 50 жилийн хугацаанд тулгарсан олон сорилтыг давахад АХБ ямар үүрэгтэй оролцож ирсэн талаар уг номонд тоймлон өгүүлэхийг зорьжээ. АХБ-ны хагас зуун жилийн үйл ажиллагааг бодит бөгөөд цогц байдлаар харуулах энэхүү ном нь Азийн эдийн засгийн хөгжил, олон улсын хөгжлийн хөтөлбөрүүдийн хувьсан өөрчлөлт, АХБ-ны түүх гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. “Ази тивийн эдийн засгийн түүхийг хөгжлийн өнцгөөс болон гишүүн орнуудтайгаа тулж ажилласан АХБ-ны арвин туршлага дээр тулгуурлан өгүүлсэн нь энэ номын онцлог юм” хэмээн АХБ-ны Ерөнхийлөгч ноён Такехико Накао тэмдэглэжээ.

Бүсийн сая сая хүний хүсэл тэмүүллийн биелэл болсон АХБ байгуулагдсанаар бүс нутгаараа хамтран ажиллах сэтгэл тус бүсэд оршин байсныг нотлон харуулсан юм гэж Ноён Накао номын оршилд өгүүлсэн байна. Мөн тэрээр АХБ-наас хөгжиж буй гишүүн орнуудад үзүүлсэн тусламж дэмжлэг дараах 3 чиглэлээр хэрэгжиж байсныг дүгнэн дурдсан байна, үүнд: дэд бүтэц, нийгмийн салбарын төслүүдэд санхүүжилтийг (зээл, буцалтгүй тусламж) мэдлэгтэй хослуулах; харилцан зөвлөлдөх, чадавхийг бэхжүүлэх, бодлогод суурилсан зээлээр дэмжих зэргээр бодлогыг дэмжих; бүс нутгийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг уриалах зэрэг болно.

Энэхүү ном нь сүүлийн 30 жилд гарч буй АХБ-ны түүхийг өгүүлэх анхны ном бөгөөд үүний өмнө 1987 онд тус банкны 20 жилийн ойн хүрээнд түүхэн ном хэвлэгдэж байжээ. АХБ-ны 50 жилийн түүх, энэхүү түүх нь Ази, Номхон далайн бүс нутгийн ирээдүйд АХБ-ны гүйцэтгэх үүрэгтэй хэрхэн уялдах талаар өнөөдөр 16:00-17:30 цагт Пасифико Ёкохама хурлын төвийн 503 дугаар танхимд болох тусгай семинарын үеэр хэлэлцэнэ.

Филиппин Улсын Манил хотноо төвтэй АХБ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн интегралчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг. 1966 онд байгуулагдсан АХБ-ны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог юм. 2016 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ 31.7 тэрбум ам.доллар байгаагаас 14 тэрбум ам.долларыг хамтын санхүүжилтээр олгосон байна.

Media Contact

SHARE THIS PAGE