ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2020 оны 11 дүгээр сарын 17) – Азийн Хөгжлийн Банк (АХБ) коронавируст халдварын (КОВИД-19) вакцинд хамрагдах боломжийг хөгжиж буй гишүүн орнууддаа бүрдүүлэх, вакциныг тэгш, үр ашигтай түгээх тогтолцоог бий болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 20.3 сая ам.долларын техникийн туслалцаа баталлаа.

АХБ-ны хөгжиж буй гишүүн орнууд вакциныг аюулгүй бөгөөд үр дүнтэйгээр худалдан авах, нэвтрүүлэх, хэрэглээнд гаргах, дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр үндэсний бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах, мөн вакцинтай холбоотой эрүүл мэндийн тогтолцоонд үнэлгээ хийхдээ энэхүү санхүүжилтийг ашиглах боломжтой. Түүнчлэн гишүүн орнуудын вакцины хүйтэн хэлхээ, ложистик, халдвар хамгаалал, эрүүл мэндийн ажилтнуудын хангамж, ур чадвар, эрсдэлийн харилцаа холбоо, бодит цагийн мэдээлэл цуглуулах горим болон хяналтын тогтолцоо зэргийг үнэлэх, тэдгээрийг бэхжүүлэхэд энэхүү санхүүжилт дэмжлэг үзүүлнэ. Цаашлаад энэхүү техникийн туслалцаа нь хүйтэн хэлхээ, вакцин мөшгөх тогтолцооны шинэлэг технологийг тодорхойлж, хэрэглээг дэлгэрүүлэхэд туслах юм.

“Ази, Номхон далайн бүс нутаг КОВИД-19-ийн тархалтыг хязгаарлах чиглэлээр жигд сайн ажилласан. Аюулгүй, үр дүнтэй бөгөөд тэгш хүртээмжтэй байдлаар иргэдээ вакцинжуулах боломжийг бүрдүүлэх нь энэ вирустэй тэмцэх дараагийн алхам юм” хэмээн АХБ-ны Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Вүүчон Ум хэлээд, “Энэхүү буцалтгүй тусламжийн нэмэлт эх үүсвэрийг баталснаар АХБ хөгжиж буй гишүүн орнуудынхаа вакцинд үр дүнтэй, эрх тэгш хамрагдахад чиглэсэн яаралтай арга хэмжээ, үүний дотор вакцины тогтолцоог үнэлэх, вакцинжуулах стратеги боловсруулах зэрэгт нэн даруй дэмжлэг үзүүлэх боломжтой болж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

АХБ энэхүү техникийн туслалцааг НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зэрэг түншүүдтэйгээ хамтран, КОВАКС, Гави Вакцины холбоо, Дэлхийн Банк болон хоёр талт агентлагуудын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Санхүүжилтийн 20 сая ам.долларыг АХБ-ны Техникийн туслалцааны тусгай сангийн эх үүсвэрээс гаргах бол 300,000 ам.долларыг Японы Засгийн газрын санхүүжилттэй Өндөр түвшний технологийн сангийн эх үүсвэрээс олгох юм.

АХБ-наас энэ оны 4-р сард хөгжиж буй гишүүн орнуудынхаа КОВИД-19-ийн эсрэг авч буй хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 20 тэрбум ам.долларын өргөтгөсөн санхүүжилтийн багцыг баталсан. Тус банкны зүгээс хэрэгжүүлж буй КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг АХБ-ны вэб хуудаснаас авах боломжтой.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact