Филиппин Улс, Манила хот (2023 оны 12 дугаар сарын 12) — Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Зүүн Азийн газрын Ерөнхий захирлаар Мухаммед Эсан Хан томилогдон, өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авлаа. Тэрээр тус газраас бүс нутагт хэрэгжүүлэх алсын хараа, стратегийг хариуцан ажиллах юм.
“АХБ нь Ази, Номхон далайн уур амьсгалын банк гэдэг утгаараа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтыг дэмждэг. Энэ чиглэлээр тууштай ажиллаж буй Зүүн Азийн бүсийг хариуцан ажиллах болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Хүртээмжтэй, тогтвортой өсөлт, үр ашигтай, тэгш хүртээмжтэй үйлчилгээ болон эдийн засгийн цочролыг даван туулах чадварыг бий болгохын төлөө хөгжиж буй гишүүн орнуудтай хамтран ажиллаж, түншлэлээ цаашид бэхжүүлэхдээ би баяртай байна” хэмээн ноён Хан хэллээ.
Ноён Хан 34 гаруй жил, тэр дундаа АХБ-нд 21 орчим жил ажилласан туршлагатай. Тэрээр АХБ-нд ажиллахдаа Төв болон Баруун Ази дахь КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулж, цар тахлын үед АХБ-ны жилийн уулзалтуудыг удирдан зохион байгуулж байсан. АХБ-нд ажиллаж эхлэхээсээ өмнө Халкроу Пакистан-д Нийгмийн салбар, хөдөөгийн хөгжил, хөдөө аж ахуй хариуцсан менежерээр ажиллаж байсан бөгөөд Олон Улсын Хөдөө Аж Ахуйн Хөгжлийн сан, Исламын хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Төслийн үйлчилгээний газар болон Дэлхийн Банканд стратегийн болон үйл ажиллагааны асуудлаар зөвлөгөө өгч байсан туршлагатай.
Пакистан Улсын иргэн ноён Хан нь Колорадо мужийн их сургуулийн бакалавр, Оклахома мужийн их сургууль, Ваёомины их сургуулийн хөдөө аж ахуйн эдийн засгийн докторант, магистрын зэрэгтэй.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.