МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2024 оны 4 дүгээр сарын 1) — Монгол Улсын Засгийн газраас зудын гамшгийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ) 2.8 сая ам.долларын буцалтгүй тусламж баталлаа. Ган гачигтай зуны дараа өвлийн улиралд их хэмжээний цас орж, агаарын температур огцом буурснаас мал идэшгүй болж, тоо толгой нь ихээр хорогдох уур амьсгалтай холбоотой гамшгийг зуд гэнэ.

“Улсын хэмжээнд нийт малчин өрхийн 70 орчим хувь нь зуданд нэрвэгдэж, 21 аймаг, нийслэлийн дөрвөн дүүргийн нийт сум, хороодын 55 хувь нь гамшигт өртөөд байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлээд “Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг өрхүүд, ялангуяа цөөн малтай айлууд амьжиргаагаа алдах эрсдэлтэй тулгарч, зудын гамшгийн улмаас хүний эрүүл мэнд, амь нас эрсдэлд орж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Ази, Номхон далайн гамшгийн эсрэг сангаас санхүүжүүлж буй энэхүү буцалтгүй тусламжийн хөрөнгийг гамшигт өртсөн малчин өрхүүдэд бэлэн мөнгө олгох, нэн шаардлагатай хүнс, түлш, эмнэлгийн болон яаралтай тусламжийн иж бүрдэл, холбооны тоног төхөөрөмж болон аврах хэрэгсэл зэргийг яаралтай худалдан авахад зарцуулна. Ази, Номхон далайн гамшгийн эсрэг сан нь байгалийн гамшигт нэрвэгдсэн АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудад шуурхай буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэх зорилготой тусгай сан юм.

НҮБ-ын Зудын хяналтын самбарт мэдээлснээр 2023 оны 12-р сарын дундаас хойш Монгол Улсын нутаг дэвсгэрт -40 хэмээс доош температурын хэт хүйтрэлт үргэлжилснээс 4.7 сая гаруй мал хорогдсон нь улсын нийт малын 7 орчим хувийг эзэлж байна. Өвөлжилтийн хүндрэл 2024 оны 6-р сард бэлчээр нөхөн сэргэтэл үргэлжилж, малын тоо толгойн хорогдол их хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэй.

Зудын улмаас удаан хугацаанд үргэлжлэх эрс тэс температур нь хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлж, хэт их стрессээс үүдсэн сэтгэл зүйн гэмтэл иргэдэд, тэр дундаа хүүхдүүдэд учирч болно. Мөн их хэмжээний цас орсноос улсын хэмжээнд зам, даваа хаагдаж, малчин өрхүүд эрүүл мэнд, боловсролын нэн шаардлагатай үйлчилгээг авахад саад болж байгаа юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact