МОНГОЛ УЛС, ЧИНГИС ХОТ (2021 оны 9 дүгээр сарын 13) — Монгол Улс Азийн Хөгжлийн Банк (АХБ)-нд гишүүнээр элссэний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бүсчилсэн зөвлөлдөх уулзалтууд зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймаг АХБ-ны дэмжлэгтэйгээр илүү олон жуулчин хүлээж авахаар бэлтгэж байгааг арга хэмжээнд оролцогчид онцоллоо.

“АХБ-наас ирэх 4 жилд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги хэрэгжиж эхэлж буй энэ өдрүүдэд зүүн бүсийн зөвлөлдөх уулзалт тохиож байна. АХБ-ны Захирлуудын зөвлөлөөс 9 дүгээр сарын 6-нд баталсан энэхүү шинэ стратегийн хүрээнд Монгол Улсад хүртээмжтэй нийгэм болон байгаль орчинд ээлтэй, төрөлжсөн эдийн засгийг хөгжүүлэхэд АХБ дэмжлэг үзүүлнэ” гэж АХБ-ны Монгол Улс дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий хэлээд, “Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр илүү олон ажлын байр бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтойг өнөөдрийн арга хэмжээнд оролцож буй аймгийн засаг дарга нар онцлон тэмдэглэсэн. Шинэ стратегийн хүрээнд АХБ-наас энэ чиглэлд дэмжлэг үзүүлнэ” хэмээн тодруулав.

Зөвлөлдөх уулзалтын эхэнд АХБ-наас санхүүжүүлсэн төслүүдийн үр нөлөө, сургамжийн талаар аймгуудын Засаг даргын тамгын газраас танилцуулга хийлээ. Улсын Их Хурал, Засгийн газрын төлөөлөл болон гурван аймгийн засаг дарга нар оролцсон хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн хөгжлийн зорилтууд, шаардлагатай нөөц, тэр дундаа хүний нөөцийн тулгамдсан хэрэгцээ шаардлагын талаар хөндөн ярилцлаа.

Монгол орны зүүн бүс нутаг нь ээрэм тал, унтарсан галт уул, цагаан зээрийн сүргээрээ алдартай. Мөн энэ бүс нь Монгол Улсын хүн амын нягтрал хамгийн бага бүс нутагт тооцогддог бөгөөд нэг хавтгай дөрвөлжин км тутамд 0.8 хүн амьдардаг гэсэн тооцоо байдаг. Бүс нутагт төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж буй дэд бүтэц, аялал жуулчлалын томоохон төслүүдийн хүрээнд мэргэшсэн, чадварлаг ажиллах хүчний эрэлт нэмэгдэнэ. Мэргэшсэн ажиллах хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нь бүх салбарын хувьд тулгамдаад буй нэн чухал асуудал бөгөөд АХБ-ны зүгээс хүний болон нийгмийн хөгжилд үзүүлж буй дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай болохыг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон тэмдэглэлээ.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact