fbpx АХБ-ны цэвэрлэх байгууламжийн төсөлд нэмэлтээр таван аймаг хамрагдана | Asian Development Bank

АХБ-ны цэвэрлэх байгууламжийн төсөлд нэмэлтээр таван аймаг хамрагдана

News from Country Offices | 27 September 2018

Монгол Улс, Улаанбаатар хот (2018 оны 9 дүгээр сарын 27) — Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирлуудын зөвлөл Монгол Улсад хэрэгжиж буй цэвэрлэх байгууламжийн төслийн хүрээг тэлж, таван аймгийн төвийг нэмэлтээр хамруулах зорилгоор 20 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталлаа.

АХБ анх 2010 онд Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орших уул уурхай, хил орчмын хот суурин газруудын ус хангамж, ариутгах татуурга, автозамын сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Өмнийн Говьд хот байгуулалт, хил орчмын хот суурин газрын хөгжлийг дэмжих” төслийн санхүүжилт болох 15 сая ам.долларын буцалтгүй тусламжийг баталсан. Энэ төслийн үргэлжлэл болох 19.43 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг 2016 онд олгосон бөгөөд уг төслөөр 4 аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламж барьж байна. Түүнчлэн, Усны санхүүжилтийн түншлэлийн хүрээнд Ариун цэврийн санхүүжилтийн итгэлцлийн сангаас олгох 1 сая ам.долларын буцалтгүй тусламжаар дээрхи дөрвөн аймгийн төвийн хоёрт нь лаг боловсруулж, дахин ашиглах боломжийг судлах техникийн туслалцааны төслийг туршилтаар хэрэгжүүлж эхэлжээ.

“Монгол Улсын аймаг, хот суурин газрууд улам бүр хотжиж хөгжихийн хэрээр их хэмжээгээр нэмэгдэж буй хаягдал бохир усны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тулгарч байна” гэж АХБ-ны Зүүн Азийн газрын хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Антонио Рессано-Гарсиа хэлээд “Аймгийн төвүүдийн нийтийн аж ахуйн салбарын дэд бүтэц, үйлчилгээг сайжруулснаар байгаль орчин болон иргэдийн амьдралын чанар дээшлэхээс гадна Монгол Улсын хоёрдогч хотуудад хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх угтвар нөхцлийг бүрдүүлэхэд бодитой ахиц гарна” хэмээн онцлов.

Саяхан батлагдаад буй энэхүү санхүүжилт нь одоо хэрэгжиж буй төслийг бохир усны менежментээ даруй сайжруулах шаардлагатай байгаа таван аймгийн төвд, тухайлбал Баруун-Урт, Булган, Чингис, Мандалговь, Мөрөн хотуудад давтан хэрэгжүүлэх боломжийг олгоно. Төсөлд хамрагдах хотуудад нийт 115,000 орчим иргэд амьдардаг нь Монгол Улсын хотын нийт хүн амын 5.4 хувийг бүрдүүлж байна. Энэхүү төсөл нь хотжилтын илүү тэнцвэртэй тогтолцоог Монгол Улсад бүрдүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулах бөгөөд хот, суурин газрын орчин нөхцлийг сайжруулахад чиглэж буй АХБ-ны 2030 он хүртэлх Стратегийн баримт бичгийн үзэл баримтлалтай бүрэн нийцэж байгаа юм.

Үр ашиггүй, засвар шинэчлэл шаардсан, байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд тохиромжгүй, хуучирсан цэвэрлэх байгууламжуудыг орлон шинээр баригдах цэвэрлэх байгууламжууд нь тус бүрдээ хоногт 3,000 шоо метр бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай байх юм. Сүхбаатар болон Зуунмод хотуудад туршилтаар нэвтрүүлээд буй эрчим хүчний үр ашигтай бохир ус цэвэрлэх технологийг шинээр баригдах цэвэрлэх байгууламжуудад ашиглана. Гэр хорооллын ариун цэврийн үйлчилгээг сайжруулах, хөрсний болон гүний усны бохирдлоос сэргийлэх зорилгоор нэмэлт санхүүжилтийн хүрээнд бүх аймгийн төвүүдэд вакуум тоног төхөөрөмж бүхий бохир ус сорж тээвэрлэх машин нийлүүлнэ.

АХБ-ны нэмэлт санхүүжилтийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 1.75 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү төсөл нь 2021 оныг дуустал хэрэгжинэ.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2017 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгожээ.