ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2021 оны 12 дугаар сарын 2) – Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон дэд бүтцийн төслүүдийнхээ бэлэн байдлыг хангаж, хэрэгжилтийг бэхжүүлэхэд чиглэсэн бага дүнтэй ажлуудыг санхүүжүүлэхэд зориулан жижиг зардлын санхүүжилтийн хөтөлбөрийн (ЖЗСХ) 20 сая ам.долларын зээлийг баталлаа.

“Томоохон төсөл, хөтөлбөрийн багцыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төслийн төлөвлөлтийг өндөр түвшинд бэлтгэж, хэрэгжилтэнд ихээхэн анхаарахын зэрэгцээ худалдан авалтын гэрээ болон төслүүдийг удирдахад Засгийн газарт тогтмол дэмжлэг үзүүлэх шаардлагатай байдаг” хэмээн АХБ-ны дэд бүтцийн тэргүүлэх мэргэжилтэн Арун Рамамурти хэлээд,“Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжиж буй төслүүдийн бэлэн байдал, үр дүн, шуурхай бөгөөд тогтвортой байдлыг сайжруулах болно.” хэмээн тодруулав.

Бусад орнуудтай харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн суурь дэд бүтэц бага хөгжсөн. Засгийн газар коронавируст цар тахал (КОВИД-19)-аас эдийн засгаа хурдацтай сэргээх, гадаадын шууд хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоог татах, ажлын байр бий болгох зэрэгт дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нэн тэргүүнд анхаарч байна.

ЖЗСХ-т хамрагдах тэргүүлэх салбаруудад тээвэр, ус болон хотын бусад дэд бүтэц ба үйлчилгээ, хөдөө аж ахуй, байгалийн нөөц, хөдөөгийн хөгжил болон эрчим хүч зэрэг орох юм. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бүх үйл ажиллагаа 2021-2024 онд АХБ-наас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегитай уялдсан байна.

Энэхүү хөтөлбөр нь 2022-2024 онд АХБ-наас санхүүжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийг бэлтгэх, холбогдох зураг төслийг боловсруулах, институцийн чадавхийг бэхжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэх юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотын замын түгжрэл болон тээврийн бусад асуудлыг шийдвэрлэх, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, экспортын баримжаатай логистикийн дэд бүтцийг сайжруулах, газар тариалан ба мал аж ахуйн ханган нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, бүс нутгийн холболтыг нэмэгдүүлэх зэрэг төслүүд багтаж байна.

Улаанбаатар хотод замын хөдөлгөөний ухаалаг удирдлагын системийг хөгжүүлэх замаар арчлалтын зардлыг бууруулах, үйлчилгээний үр ашиг, чанарыг сайжруулах, мөн байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зэрэгт чиглэсэн дэвшилтэт технологи, менежментийн арга барилыг туршин хэрэгжүүлэхэд тус хөтөлбөрөөс дэмжлэг үзүүлэх юм.

Хөтөлбөрийн хүрээнд шинэ төслүүдийн чадавхи болон хэрэгжилтийг дэмжих замаар үр ашиг, тогтвортой байдлыг нь нэмэгдүүлж, институцийн үр ашиг ба засаглалыг бэхжүүлж, хамгааллын баримт бичгүүдийг бэлтгэж, улмаар дараа дараачийн төслүүдийн санхүү болон эдийн засгийн шинжилгээг гүйцэтгэж, ашиглалт ба засвар үйлчилгээг сайжруулах боломжоор хангана. Хөтөлбөрөөс дэмжихээр төлөвлөж буй эхний ажил нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн системийг хөгжүүлэхэд шаардлагатай институцийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулах төсөл байх юм.  

2026 он хүртэл хэрэгжих тус хөтөлбөрийн нийт төсөв нь Засгийн газрын эх үүсвэрээс хамтран санхүүжүүлэх 1.50 сая ам.долларыг оролцуулаад 21.50 сая ам.доллар байх юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact