МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2023 оны 11 дүгээр сарын 20) — Монгол Улсын ноолуурын нэмүү өртгийн сүлжээг дэмжих мөн 1,200 малчин, 1,300 ажилтныг тогтвортой орлого, ажлын байраар хангах зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Говь Хувьцаат Компани 30 сая ам.долларын тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү зээл нь малчдаас түүхий ноолуур татан авах ажиллагаа болон ноолуур боловсруулах үйлдвэрлэлд зарцуулагдах юм.

Түүнчлэн өргөжүүлэх боломжтой, тогтвортой бэлчээрийн болон сүргийн менежментийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох дадлыг таниулах сургалт семинар зохион байгуулахад зориулж Хөвсгөл, Баянхонгор аймгийн малчдын бүлгүүдэд 1 сая ам.долларын техникийн туслалцааны буцалтгүй тусламж олгох юм. Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан зээл нь хувьсах эсвэл зах зээлээс доогуур зээлийн хүүг санал болгох замаар тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх хөшүүрэг болдог. Энэхүү зээл нь малчдаас шууд худалдан авалтыг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ус хэмнэх болон малчдыг бэлчээрийн менежментэд сургахад чиглэнэ.

Малчид уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа нь хэт халалт, ган, зуд, цөлжилтийг үүсгэхэд болон нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Бэлчээрийн даац хэтэрсний үр дагавраас сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулахад бэлчээр болон экологийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх нь нэн чухал ба үүнийг хэрэгжүүлэхэд Говь ХК-иас малчдад хүргэх орлогын тогтвортой эх үүсвэр, техникийн дэмжлэг нь чухал ач холбогдолтой юм.

“Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын нийлүүлэлтийн талыг бүрдүүлдэг ч дийлэнхийг нь хангалттай нэмүү өртөг шингээлгүйгээр экспортолж, маш бага хэсгийг дотооддоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодог. Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийг дэмжих нь энэхүү чухал ач холбогдол бүхий салбарыг төрөлжүүлж, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх юм” гэж АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий захирал Сюзэн Габури хэлээд, “Монгол Улсын мал аж ахуйн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр ч тэдэнд тогтвортой орлого бүхий ажлын байр болоод сургалтад хамрагдах боломж дутмаг байдаг. Говь ХК болон АХБ эмэгтэйчүүдэд шаргуу хөдөлмөрлөснийхөө санхүүгийн үр дүнг шударгаар хүртэх, салбарын хөгжилд илүү их үүрэг гүйцэтгэх боломжийг нь бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна” хэмээн тэмдэглэв.

Энэхүү техникийн туслалцааны буцалтгүй тусламж нь бэлчээрийн тогтвортой менежмент, бэлчээрийн экологийн суурь, санхүүгийн мэдлэг, төсвийн удирдлагын чадавх бэхжүүлэх ажлыг 200-аас доошгүй нүүдэлчин малчдад зориулан зохион байгуулахаас 80-аас доошгүй хувийг эмэгтэйчүүд зориулах юм. Мөн бэлчээрийн экологи, менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, малын тоог багасгах ч малчдын орлогыг хадгалах эсвэл нэмэгдүүлэх шийдлүүдийг эрэлхийлнэ.

АХБ нь Говь ХК-ийг үйл ажиллагаандаа жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг дэмжин хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх ба үүнд шинээр авах ажилтнуудын дор хаяж тал нь эмэгтэйчүүд байх; эмэгтэй ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх боломжоор хангах; Говь ХК-ийн малчдад зориулж зохион байгуулах сургалтын тал хувийг эмэгтэйчүүдэд зориулах; бэлчээр, сүргийн менежментийг хэрэгжүүлэх малчдын бүлэгт эмэгтэй малчид нэгдэхийг уриалах; жендерт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг олгох материал боловсруулах зэрэг гол зорилтууд багтах юм.

“АХБ-тай хамтран ажилласнаар Говь ХК нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ өргөжүүлж, цаашлаад Монгол Улсын эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж, ажлын байрын тоог өсгөх юм” хэмээн Говь ХК-ийн Гүйцэтгэх захирал Цагаачийн Баатарсайхан онцлов.

Говь ХК нь Монголын хамгийн том ноолуур үйлдвэрлэгч бөгөөд Тогтвортой Ноос Ноолуурын Эвслийн гишүүн байгууллагын хувьд тогтвортой мал аж ахуй, нийгмийн бүлгийн удирдлага зэрэг нэмүү өртгийн сүлжээний тогтвортой үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж ажиллахын зэрэгцээ Монголын малчдаас түүхий ноолуур бэлтгэдэг. Говь ХК нь Монголын томоохон групп компаниудын нэг, АХБ-ны харилцагч байгууллага болох Таван Богд группийн хөрөнгө оруулалттай компани юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact