ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2021 оны 7 дугаар сарын 12) — Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсад коронавирусийн өвчлөл (КОВИД-19)-ийг оношилж, тархалтыг хязгаарлах арга хэмжээг бэхжүүлэхэд зориулж 5.36 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор боллоо.
“Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд урвуу транскриптацат полимеразийн гинжин урвалын буюу RT-PCR шинжилгээ хийх сургалт явуулж, шаардлагатай нөөц бололцоогоор хангахын зэрэгцээ хүн амын зорилтот бүлгийг КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамруулах замаар КОВИД-19-ийн тархалтын эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх юм.
“Монгол Улсад КОВИД-19 үргэлжлэн тархах эрсдэл өндөр хэвээр байна. Үүнээс үр дүнтэй сэргийлэхийн тулд КОВИД-19-ийн оношилгооны лабораторуудын сүлжээг өргөтгөж, RT-PCR шинжилгээ хийх хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай” гэж АХБ-ны Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Раушанбек Маматкулов хэлээд, “Үүний хажуугаар цар тахлыг хяналтдаа авч, хилээр нэвтрэх хөдөлгөөн, аж ахуйн нэгжүүд, сургуулиудыг аюулгүй нээхийн тулд КОВИД-19-ийн бүрэн вакцинжуулалтад нэн яаралтай бэлтгэх шаардлагатай” хэмээн тодруулав.
Энэхүү буцалтгүй тусламжаар молекул биологийн 10 лабораторыг RT-PCR шинжилгээ хийх хүчин чадалтай болгон өргөжүүлж, хувийн хамгаалах хэрэгсэл, гар ариутгагч, халуун хэмжигчийн нөөцөөр ханган, дархлаажуулалтыг аюулгүй явуулахад дэмжлэг үзүүлнэ. Төслийн хүрээнд вакцинжуулалтын эрүүл ахуй, хяналтыг сайжруулах зорилгоор зорилтот бүлгүүдийг амжилттай вакцинд хамруулах, вакцины дараах хяналтыг хийхэд мөн тусламж үзүүлэх юм.
АХБ нь Ядуурлыг бууруулах Японы сан (ЯБЯС)-гаас энэхүү төсөлд олгох 5 сая ам.долларыг удирдан зарцуулна. Япон Улсын Засгийн газрын санхүүжилттэй ЯБЯС нь сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол Улсын ядуурлыг бууруулж, амьжиргааг дээшлүүлж, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн төслүүдэд дэмжлэг үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газар мөн уг төсөлд 360 мянган ам.долларын хамтарсан санхүүжилт олгох юм.
Энэхүү төсөл нь КОВИД-19-ын эсрэг үр дүнтэй, аюулгүй вакцин худалдан авч, иргэдээ дархлаажуулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэх Ази, Номхон далайн орнуудыг вакцинд хамруулах АПВАКС хөтөлбөрийн санхүүжилттэй нягт уялдаж байгаа юм. Тус хөтөлбөр нь 2024 онд дуусна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.