АХБ-наас Монгол Улсад хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг удирдахад дэмжлэг үзүүлнэ

News Release | 29 October 2020

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2020 оны 10 дугаар сарын 29) — Монгол Улсад коронавируст (КОВИД-19) цар тахлаас үүдэн хүнсний хангамж саатаж буй үед хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг удирдахад дэмжлэг үзүүлэх зорилгоор АХБ-наас 410,000 ам.долларын техникийн туслалцааны буцалтгүй тусламжийг өнөөдөр баталлаа. 

“КОВИД-19 цар тахал нь Монгол Улсын эдийн засагт төдийгүй хүнсний ханган нийлүүлэлтийн сүлжээнд хүндрэл үүсгэж, улмаар хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлээд байна” хэмээн АХБ-ны Зүүн Азийн газрын Байгаль орчин, байгалийн баялаг, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Чинфэнг Жанг хэлэв. Мөн тэрээр, “АХБ нь энэхүү техникийн туслалцааны төслийн хүрээнд нэн тэргүүнд хүнсний ханган нийлүүлэлтийн сүлжээ саатахад цар тахлын үзүүлж буй нөлөөллийг үнэлж, түүнийг бууруулах чиглэлд анхаарч ажиллах бөгөөд улмаар шуурхай хариу арга хэмжээ авах механизмыг хөгжүүлнэ” хэмээн тэмдэглэв.

Ядуу иргэд өрхийн нийт зардлынхаа дунджаар 43 хувийг хүнсний хэрэглээнд зарцуулдаг бөгөөд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд илүү өртөмтгий байдаг. Цар тахлын хор уршгаар хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхийн сацуу өрхийн орлого буурч байгаа нь Монголын ядуу, эмзэг бүлгийн өрхүүдийн хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Ядуурлын түвшинд байгаа дөрвөн өрх тутмын гуравт нь хүнсний голлох бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт сөргөөр нөлөөлөөд байна. Мөн хорио цээрийн дэглэм чангарч, худалдаа тасалдсанаас үүдэн хүнсний ханган нийлүүлэлтийн сүлжээг хэвийн байлгахад хүндрэл учирч байна. 2020 оны 4-р сарын байдлаар нийт фермерийн аж ахуй эрхлэгчдийн 58% нь ложистикийн саатлаас үүдэн бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүй болжээ. 

Монгол Улс КОВИД-19 цар тахлаас гадна цаг агаарын эрс тэс байдал, байгалийн гамшиг, хортон шавьж, бусад төрлийн өвчин зэрэг хүнсний аюулгүй байдлын олон эрсдэлтэй тулгардаг. Мөн жилдээ ганц ургац тариалах богино улиралтай тул хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нийлүүлэлтийг цаг тухайд нь хангаж чадаагүй тохиолдолд үр тариалалтанд саатал үүсэх эрсдэлтэй байдаг.

Ложистикийн болон агуулах байгууламжийн сүлжээ дутмаг хөгжсөн, био аюулгүй байдал болон хүнсний аюулгүй байдлын зохицуулалт сул, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болоод цөөн тооны малтай малчдын хувьд санхүүгийн үйлчилгээ хүрэлцээгүй, хоёр хөрш орныхоо импортын хүнсний бүтээгдэхүүнээс хараат байдалтай зэрэг нь тус улсын хүнсний ханган нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдлыг нэмэгдүүлж, хямралын үед ханган нийлүүлэлтийн тасалдлыг улам бүр дордуулах төлөвтэй байна. 

Энэхүү техникийн туслалцааны төслийн хүрээнд богино хугацааны хариу арга хэмжээ авахаас гадна Монгол Улсын хүнсний ханган нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдлыг үнэлж, бодлогын зөвлөгөө өгч, КОВИД-19 цар тахлаас бусад үед ч хүнсний аюулгүй байдлын өргөн хүрээний эрсдэлийг удирдах чадавхийг бэхжүүлэх бөгөөд хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг бууруулж, хүнсний хангамжийн илүү тэсвэртэй сүлжээг бий болгоход чиглэсэн дунд болон урт хугацааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх юм. 

Түүнчлэн, тус төслийн хүрээнд хүнсний хангамжийн сүлжээний үе шатуудад үнийн хяналт тавих систем болон онцгой байдлын нөөц бүрдүүлэлтийн системийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Мөн дижитал технологийн хэрэглээг нэвтрүүлэх зэргээр хүнсний хангамжийн сүлжээний эрсдэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх чиглэлд төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг уялдуулахад дэмжлэг үзүүлнэ.

Техникийн туслалцааны төслийн нийт санхүүжилт 410,000 ам.доллар байхаас 400,000 ам.долларыг нь АХБ-ны Техникийн туслалцааны тусгай сангаас гаргаж, бусад хэсгийг Монгол Улсын Засгийн газар хамтран санхүүжүүлэх юм.

Энэхүү төсөл нь АХБ-наас Монгол Улсын Засгийн газарт үзүүлж буй КОВИД-19 цар тахлын эсрэг авах арга хэмжээний багц дэмжлэгийн нэг хэсэг юм. Багц дэмжлэгийн хүрээнд АХБ-наас Монголын улаан буудайн нийлүүлэлтийн сүлжээг дэмжих 15 сая ам.долларын зээлийн төсөл, КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнд зориулсан 100 сая ам.долларын зээлийн төсөл, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн нэмэлт санхүүжилт болох 30 сая ам.доллар болон Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төслийн 26.4 сая ам.долларыг тус тус баталжээ.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.