fbpx Японы ядуурлыг бууруулах сангаас Монгол Улсын жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлнэ | Asian Development Bank

Японы ядуурлыг бууруулах сангаас Монгол Улсын жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлнэ

News from Country Offices | 30 March 2017

Улаанбаатар хот. 2017 оны 3-р сарын 30 — Японы ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгтэй хэрэгжих “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн нээлтийн семинар 2017 оны 3-р сарын 29–нд Улаанбаатар хотноо болов.

Салбар, орон нутгийн хөгжлийн бодлогод жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэх, жендэрийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилго бүхий уг төслийн хэрэгжүүлэгч байгууллага нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бөгөөд Жендэрийн үндэсний хорооны ажлын алба төслийн гүйцэтгэгч байгууллагаар ажиллана. Холбогдох яамд, Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний Комисс, зорилтот Сэлэнгэ, Дорноговь аймгууд, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд, их дээд сургуулийн оюутан, судлаачид болон хэвлэл мэдээллийн байгууллагын албан хаагчид төслөөс үр шим хүртэх юм.

Төслийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх бөгөөд боловсрол, хот байгуулалт, хөдөө аж ахуй болон нийгмийн хамгааллын салбаруудад жендэрийн бодлогыг боловсруулна. Түүнчлэн Сангийн яамны удирдах ажилтнуудад зориулсан жендэрийн цахим сургалтын модулийг турших, хувийн хэвшлийн ажлын байран дахь жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах, орон нутгийн төрийн бус байгууллагуудтай түншлэлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Төслийн хугацаанд тогтвортой хөгжлийн зорилтууд болон жендэрийн тэгш байдлын асуудлаар олон улсын өндөр түвшний анхны бага хурлыг Монгол улсад зохион байгуулахын зэрэгцээ бүсчилсэн болон үндэсний түвшний чуулган, симпозиумыг зохион байгуулахаар төлөвлөж байна.