ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2018 оны 7 дугаар сарын 26) – Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл Ази, Номхон далайн бүс нутгийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад тус банк хэрхэн нийцэж ажиллах урт хугацааны стратеги, алсын харааг тоймлон илэрхийлэх “Стратеги-2030”-ийг баталлаа.

“Ази, Номхон далайн бүс нутаг нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг цогцлоох тал дээр өнгөрөгч тавин жилд гайхалтай амжилтыг гаргасан хэдий ч гүйцээх шаардлагатай хөгжлийн зорилтууд байсаар байна” хэмээн АХБ-ны Ерөнхийлөгч Такехико Накао хэлээд “Стратеги-2030-ийн хүрээнд бид санхүүжилт, мэдлэг, түншлэлийг хослуулан нэн ядуурлыг үгүй болгох хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөнд тэсвэртэй бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллах болно” хэмээн тэмдэглэв.  

АХБ-ны зорилго, зорилтууд нь “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, “Хөгжлийг дэмжих санхүүжилт” хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Парисын гэрээ”, “Гамшгийн эрсдэлийн эсрэг Сэндайн хүрээ” зэрэг дэлхий нийтийн үүрэг, амлалтуудтай яв цав нийцдэг. Эдгээр үүрэг амлалтууд биелэх эсэх нь хэмжээний хувьд томд тооцогдох Ази, Номхон далайн бүс нутгийн амжилтаас ихээхэн хамаарах юм.  

Дэлхий нийтийн томоохон зорилго зорилтуудыг орон нутгийн онцлог нөхцөл байдалд нийцүүлэхийн чухалыг “Стратеги-2030” ойлгон тусгасан. АХБ улс төвтэй арга барилаа цаашид улам бэхжүүлж, шинэлэг технологийн хэрэглээг хөхиүлэн дэмжихийн хажуугаар олон төрлийн салбар, сэдвийг хамарсан мэдлэг, мэдээллээ улсын болон хувийн салбарт хэрэгжих үйл ажиллагаатайгаа хослуулан цогц дэмжлэгийг үзүүлэн ажиллах болно.

Бүс нутгийнхаа хамгийн ядуу бөгөөд эмзэгт тооцогдох улс орнуудад АХБ юуны түрүүнд дэмжлэг үзүүлсээр байх болно. Нэн эмзэг буюу үймээн самуунтай байгаа улс орнууд, хөгжиж буй арлын жижиг гүрнүүд, бага орлоготой болон доогуур дунд орлоготой орнууд, дээгүүр дунд орлоготой орнууд гэх мэт бүлэг улс орнуудад, тэдгээрийн харилцан адилгүй хэрэгцээ шаардлагад нь нийцэх тусгайлсан арга хандлагаар үйл ажиллагаа явуулах болно. Мөн бүлэг бүрт хамааруулах байдлаар хамгийн тулгамдсан асуудлууд болон ядуурал, эмзэг байдалд чиглэгдсэн үйл ажиллагаандаа өндөр ач холбогдлыг өгч ажиллах болно.

Дэд бүтцийн хөрөнгө оруулалт, тэр дундаа ногоон, тогтвортой, хүртээмжтэй, сөрөг нөлөөг тэсвэрлэх чадвартай дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалт тэргүүлэх зорилт хэвээр байх болно. Үүний зэрэгцээ, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг нийгмийн салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа АХБ өргөжүүлэн тэлэх болно. 

АХБ-ны дэмжлэг туслалцаа нь дараах долоон тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжинэ. Үүнд: (i) оршсоор буй ядуурал болон тэгш бус байдлыг үгүй хийх; (ii) жендэрийн эрх тэгш байдлыг хангах тал дээр гарч буй ахиц дэвшлийг хурдасгах; (iii) уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн сөрөг нөлөөг даван туулах чадавхийг бий болгох, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих; (iv) хотуудын орчин нөхцлийг сайжруулах; (v) хөдөөгийн хөгжил, хүнсний аюулгүй байдлыг дэмжих; (vi) засаглал, институцын тогтолцоог бэхжүүлэх болон (vii) бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцчлалыг гүнзгийрүүлэх зэрэг болно.

АХБ-наас баталгаажсан үйл ажиллагааны (засгийн газрын болон засгийн газрын бус дэмжлэгийг оролцуулсан 3 жилийн гулсах дунджаар) 75-аас доошгүй хувь нь 2030 он хүртэл жендэрийн тэгш байдлыг дэмжих юм. Мөн санхүүжилт нь баталгаажсан үйл ажиллагааныхаа (засгийн газрын болон засгийн газрын бус дэмжлэгийг оролцуулсан 3 жилийн гулсах дунджаар) 75-аас доошгүй хувийг 2030 он хүртэл уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулахад анхаарсан байх нөхцлийг АХБ-наас бүрдүүлэх болно. 2019-2030 онд уур амьсгалын чиглэлээр АХБ-ны өөрийн эх үүсвэрээс олгох санхүүжилт 80 тэрбум ам.долларт хүрэх юм. АХБ үйл ажиллагааныхаа бусад тэргүүлэх чиглэлүүдэд хамаарах тодорхой зорилтуудаа 2019 оны дундуур эцэслэн батлагдах “Байгууллагын үр дүнгийн тогтолцоо”-ндоо тусгах болно.

“Стратеги-2030”-д тусгагдсан үйл ажиллагааны долоон тэргүүлэх чиглэлээ дэмжихийн тулд АХБ хувийн салбарын үйл ажиллагаагаа өргөжүүлэн, төрөлжүүлж, 2024 он гэхэд дэмжлэгийн нийт тоонд эзлэх хэмжээг гуравны нэгд хүргэх зорилтыг дэвшүүлээд байна. “Бид нэн эмзэг буюу дайн тулаантай байгаа улс орнууд, арлын хөгжиж буй жижиг гүрнүүд зэрэг шинэ болон шинээр үүсэн хөгжиж буй зах зээл дэх хувийн хэвшлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх болно. Түүнчлэн, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллах болно” хэмээн ноён Накао хэлсэн юм.  

Хувийн хэвшлийг дэмжин хэрэгжүүлэх үйл ажиллагаагаараа дамжуулан АХБ байгаль орчин, нийгэм, засаглалын хэм хэмжээг өндөрсгөн сайжруулж, зах зээлд байхгүй боломжийн нөхцөл бүхий санхүүжилтийг олгох, төслийг илүү сайн боловсруулж, хөгжлийн үр дүнг нэмэгдүүлэхийн зэрэгцээ болзошгүй эрсдэлээс сэргийлэх болно. Мөн энэхүү үйл ажиллагаа нь шинэлэг дэд бүтцийг дэмжихээс гадна хувийн хэвшлээр дамжуулан хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл болон боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбаруудыг дэмжих болно.

АХБ нь найдвартай санхүүжүүлэгч, санхүүгийн хөшүүрэг байсаар байх болно. “Бидний амжилтын нэг чухал хэмжүүр нь өөрийн санхүүжилтийн хажуугаар хэдий хэмжээний, хир чанартай нэмэлт санхүүжилтийг дайчлан оролцуулах вэ гэдэгт оршино” хэмээн ноён Накао мөн тэмдэглэв. 2030 он гэхэд АХБ урт хугацаат хамтарсан санхүүжилтийн хэмжээгээ үлэмж өсгөж, хувийн хэвшилд чиглэсэн санхүүжилтийнхээ 1 доллар тутамд 2.5 долларын урт хугацаат хамтарсан санхүүжилтийг босгох  зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.  

Тус банк нь хамгийн оновчтой мэдлэгийн бүтээгдэхүүнүүд болон үйлчилгээг боловсруулан гаргахын төлөө хөгжиж буй гишүүн орнуудтайгаа нягт хамтран ажиллах болно. Судалгаа шинжилгээний ажилд санаачлагатайгаар оролцож, бодлогын өндөр чанартай зөвлөмжүүдийг өгч, гишүүн орнуудынхаа институцын чадавхийг бэхжүүлж, мэдлэгийн түншлэлүүдийг гүнзгийрүүлэн тэлэх болно.  

Илүү хүчтэй, боловсронгуй, хурдтай байгууллага болохын төлөө чармайн ажиллахын зэрэгцээ технологийн туслалцаатайгаар бизнес процессоо эрс шинэчилж төгөлдөржүүлэхийг зорих болно. Өөрийн бүтээгдэхүүн, хэрэгслүүдийг өргөжүүлэхийн зэрэгцээ хүний нөөцөө чадавхжуулж, дижитал шинэчлэлийнхээ явцыг түргэсгэх болно. Ажиллах хүчний төрөлжилтийг хангах, үүний дотор жендэрийн тэнцвэртэй байдлыг хангах, бүгдэд ээлтэй ажиллах орчныг бүрдүүлэх асуудалд анхааран ажиллана. Тус байгууллага нь “Нэг АХБ” үзэл баримтлалын дор байгууллага даяар мэдлэг туршлагыг хослуулан  ажиллах асуудалд маш их ач холбогдлыг өгч байгаа юм. Төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавихдаа иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилласаар байх болно.   

“Стратеги-2030”-ийг боловсруулах явцдаа АХБ гишүүн орнуудынхаа засгийн газрууд, хөгжлийн тэргүүлэх мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг олон талыг оролцуулсан өргөн хүрээний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  

АХБ нь нэн ядуурлыг үгүй болгох хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2017 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгожээ.

Media Contact