ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2022 оны 9-р сарын 21) — Азийн Хөгжлийн Банк (АХБ) нь төв банкуудын мөнгөний хатуу бодлого, ОХУ-Украины дайны нөхцөл байдал, КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) дахь удаа дараалсан хөл хорио зэрэг сорилтуудыг харгалзан, хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө дахин буурууллаа.
Тус банкнаас энэ оны дөрөвдүгээр сард гаргасан төсөөллөөр бүс нутгийн эдийн засаг 2022 онд 5.2%-р тэлэхээр байсан бол өнөөдөр танилцуулсан “Азийн Хөгжлийн Төлөв (АХТ) 2022” шинэчилсэн тайланд 4.3%-иар өсөх төлөвтэй хэмээн тооцсон байна. Ирэх оны өсөлтийн таамаглалыг мөн 5.3%-иас 4.9% болгон бууруулсан бол бүсийн инфляцийн төсөөллийг нэмэгдүүлсэн байна. БНХАУ-ыг эс тооцвол хөгжиж буй Азийн бусад орнууд 2022, 2023 онд 5.3%-иар өсөх төлөвтэй байна.
Дархлаажуулалт идэвхжиж, КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нас баралт буурч байгаатай холбоотойгоор тус бүс нутгийн орнууд цар тахлын хөл хориогоо сулруулж буй нь дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн өсөлтийг дэмжиж байна. Гэсэн хэдий ч ОХУ-Украины дайны нөхцөл байдал нь дэлхийн хэмжээнд тодорхойгүй байдлыг улам бүр нэмэгдүүлж, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдлыг дордуулж, улмаар эрчим хүч болон хүнсний зах зээлийг тогтворгүй болгож байна. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн банк болон Европын төв банкнаас мөнгөний бодлогоо чангаруулж байгаа нь дэлхийн эрэлтийг бууруулж, санхүүгийн зах зээлийг донсолгож байна. Үүний зэрэгцээ КОВИД-19 цар тахлын алаг цоог дэгдэлт, шинэ хөл хорио нь бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох БНХАУ-ын өсөлтийг сааруулж байна.
“Хөгжиж буй Азийн эдийн засаг сэргэж буй ч том эрсдэлтэй нүүр тулж байна” хэмээн АХБ-ны Ерөнхий эдийн засагч Альберт Парк хэлээд, “Дэлхийн эдийн засаг том уналтад орвол бүс нутгийн экспортын эрэлтийг эрс бууруулна. Хөгжингүй орнууд мөнгөний бодлогоо хүлээлтээс давуулан эрс чангатгах нь санхүүгийн тогтворгүй байдал үүсгэж болзошгүй юм. Мөн БНХАУ-д хөл хорио дахин тогтоож, үл хөдлөх хөрөнгийн салбар суларч байгаагаас үүдэн тус улсын өсөлт сорилтуудтай тулгарч байна. Ийм хөгжиж буй Азийн орнуудын засгийн газрууд эдгээр эрсдэлд сэрэмжтэй байж, өсөлтийг сааруулахгүйгээр инфляцийг тогтоон барихад шаардлагатай арга хэмжээг авах шаардлагатай байна" хэмээн онцлов.
Дэлхийн томоохон орнуудын эдийн засаг 2022 онд 1.9%, 2023 онд 1.0%-иар өснө гэж таамаглаж байгаа нь энэ оны эхээр тооцоолж байснаас бага байна. АНУ болон Евро бүсийн орнууд өндөр инфляциас болж мөнгөний бодлогоо эрс чангаруулахад хүрснээр нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал, ОХУ-Украины нөхцөл байдлаас үүдэлтэй тодорхойгүй байдлын нөлөөнд автсаар байгаа эдгээр улс орнуудын эдийн засгийн эрэлтийг мөн бууруулж байна.
АХБ нь хөгжиж буй Азийн орнуудын энэ оны инфляцийн төсөөллийг 3.7% байснаас 4.5% болгож, ирэх жилийнхийг 3.1% байсныг 4.0% болгон тус тус нэмэгдүүлсэн байна. Тус бүс нутгийн инфляци бусад бүс нутгаас бага хэвээр байгаа ч, нийлүүлэлт талын саатлаас болж хүнс, шатахууны үнэ өссөөр байна.
БНХАУ-ын энэ оны өсөлтийг 4-р сард 5.0% гэж тооцож байсныг 3.3% болгон бууруулсан байна. Ингэснээр сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хөгжиж буй Азийн бусад орнууд БНХАУ-аас илүү хурдацтай өсөх анхны жил болохоор байна. Энэтхэгийн өсөлтийн төсөөллийн хувьд инфляци хүлээлтийг даван нэмэгдэж, мөнгөний бодлого чангарснаас үүдэн 7.5%-иас 7.0% болгон бууруулсан байна.
Индонези болон Филиппиний дотоодын эрэлт тогтвортой байгаа нь Зүүн өмнөд Азийн энэ оны өсөлтийн төлөвийг 5.1% болгон нэмэгдүүлэхэд нөлөөлсөн хэдий ч, цаашид дэлхийн эрэлт сул байх төлөвтэй байгаа тул ирэх оны таамаглалыг бууруулсан байна. Кавказ болон Төв Азийн орнуудын хувьд 2022 оны өсөлтийг илүү өөдрөг буюу 3.9% байхаар тооцсон бол цар тахлын дараа аялал жуулчлал сэргэж буй Номхон далайн орнуудын эдийн засаг 4.7%-иар тэлэх төлөвтэй байна.
“Азийн хөгжлийн төлөв (АХБ) 2022” шинэчилсэн тайланд Цахим эриний бизнес эрхлэлт хэмээх тусгай сэдэвт бүлгийг багтаасан байна. Энэ бүлэгт цахим бизнес эрхлэлт хэрхэн илүү их өсөлт, инновацийг авчирдаг болох, мөн тус бүс нутгийн засгийн газрууд цахим бизнес эрхлэгчдэд цэцэглэн хөгжих орчныг хэрхэн бүрдүүлж болохыг судалсан байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.
SHARE THIS PAGE
Related
- News: Asia Must Improve Digital Environment for Entrepreneurs, New Global Index Shows
- Asian Development Outlook (ADO) 2022 Update
- Asian Development Outlook, September 2022: Economic Forecasts
- Entrepreneurship in the Digital Age: Asian Development Outlook (ADO) 2022 Update Theme Chapter
- Video – Developing Asia’s Economic Outlook: Asian Development Outlook (ADO) 2022 Update
- ADB Insight: Asian Development Outlook (2022) Update