МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2020 оны 5-р сарын 14) – Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк (АХБ) коронавирус (COVID-19)-ийн халдварын цар тахлын хүн амын эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр, мөн Монгол Улсын эрчим хүчний системд анхны том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих зорилгоор нийт 3 зээлийн хэлэлцээр, 1 буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Эдгээр хэлэлцээрүүдэд нь COVID-19 цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах хөтөлбөрийн 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт, мөн Монгол Улсад дэвшилтэт технологид суурилсан том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийн 103 сая ам.долларын зээлийн хэлэлцээр, буцалтгүй тусламжийн гэрээнүүд тус тус багтаж байгаа юм.

Зээлийн хэлэлцээрүүд болон буцалтгүй тусламжийн гэрээнд АХБ-ыг төлөөлж АХБ-ны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгч ноён Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, болон холбогдох төлөөлөгчид оролцлоо.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн нэмэлт санхүүжилт болон “COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр”-ийн хүрээнд коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэн иргэдэд хүргэхэд чиглэх юм. Тухайлбал Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүд, нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдэд 70 нэр төрлийн 18,000 гаруй ширхэг нэн яаралтай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл болон ариутгал, халдваргүйжүүлэлтийн хэрэгслүүдээр хангах ажлуудыг хийнэ. Мөн төслийн хүрээнд Улаанбаатар хотод эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулах юм.

Түүнчлэн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг дэмжих юм.

АХБ “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийг 2012 оны 12 дугаар сард анх баталсан бөгөөд цус сэлбэлтийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулах, эмнэлгийн халдвар хамгааллын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр амжилттай хэрэгжүүлж буй 38.38 сая ам.долларын өртөг бүхий төслийн нэмэлт санхүүжилт болгож 30 сая ам.долларын санхүүжилтийг АХБ-аас олгож байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 480 мянган ам.долларын хамтарсан санхүүжилтийг уг төсөлд олгож байна.

Харин “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн хүрээнд 125 МВт-ын хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий том хэмжээний хуримтлуурыг Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд барьж байгуулах юм. Ингэснээр Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж эрчим хүчний хувьд бие даасан байдал, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулна. Энэхүү хуримтлуур нь Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй байхын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн цэнэглэгдэх боломжтой эрчим хүчний удирдлагын системээр тоноглогдох юм. Түүнчлэн уг төсөл нь ирээдүйд цахилгаан дамжуулах сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр холбоход шаардагдах тохируулгын нөөцийг бүрдүүлэх юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact