МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ - Азийн Хөгжлийн Банк (АХБ)- ны Ерөнхийлөгч ноён Такехико Накао өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгтэй уулзаж ажлын байр бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх замаар Монгол Улсыг тогтвортой, хүртээмжтэй хөгжүүлэхэд  АХБ хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар ярилцлаа. Мөн өнөөдөр Сангийн сайд бөгөөд АХБ-д Монгол Улсыг төлөөлөх Захирагч Баярбаатарын Болортой уулзсан юм.

Уулзалтын үеэр Ноён Накао эдийн засгийг тогтворжуулах, инфляцийг зохистой удирдах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах  талаар эрх баригчдын авч буй арга хэмжээг сайшааж байгаагаа илэрхийлэв. АХБ нь тус улсын ДНБ-ий 2015 оны өсөлт гантай жилийн ургацын алдагдлаас голлон шалтгаалж 2.3 хувь байна хэмээн тооцоолсон хэдий ч ирэх жил өсөлт 3 хувь болон өснө. Инфляцийн түвшин энэ жил 7.6 хувь байхаар байгаа нь өмнөх жилүүдэд хоёр оронтой байснаас хавьгүй буурсан үзүүлэлт юм. 

“Монгол Улс стратегийн чухал байршилтай, уул уурхайн бус салбарын нөөц арвин тул эдийн засгаа хөгжүүлэх асар их нөөц боломж байна” хэмээн ноён Накао онцлон хэлэв.  “Монгол Улс макроэдийн засаг, бүтцийн зөв зүйтэй бодлого үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бүс нутгийн хөгжил болон хөрөнгө оруулалтаар дамжуулан хөгжлийн энэхүү нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглахад Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд АХБ бэлэн байна.” 

Монгол Улсын ядуурал, ялангуяа хөдөө орон нутгийн ядуурлын дундаж төвшин 2012 онд 27.4% байсныг уул уурхайн салбараас орж ирсэн үр ашгийг ашиглан 2014 онд 21.6% болгон бууруулсан нь богино хугацаанд гарсан дэвшил хэмээн онцлов. Монгол Улсад уул уурхайн салбар өнгөрсөн оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 17.1 хувийг, экспортын 83 хувийг эзэлж байгаа хэдий ч ажлын байрны дөнгөж 4 хувийг бий болгож байна. Уул уурхайн салбарын тогтворгүй шинж чанарыг харгалзан улс орны эдийн засгийг энэ салбар дахь хэлбэлзлээс бага хамааралтай болгохын тулд хийж байгаа хүчин чармайлт, эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх  нь чухал хэмээн Ерөнхийлөгч Накао хэлэв. 

Мөн эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгийг татахад нэлээд ахиц дэвшил гарсан ба үүнд АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжиж буй 1.3 тэрбум ам.долларын өртөг бүхий Дулааны тав дугаар цахилгаан станцын төсөл орно. Төслийн концессийн гэрээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн аргаар олон улсын хэмжээний компаниудтай 2014 оны 6 дугаар сард, цахилгаан худалдан авах гэрээ 2015 оны 7 дугаар сард зурагдсан нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотын дулаан, цахилгааны нэн тулгамдсан хэрэгцээг шийдвэрлэхэд хийсэн томоохон алхам боллоо. 

АХБ хөдөө аж ахуйн бизнесүүдийг дэмжих 50 сая ам.долларын зээлийг 2015 онд баталсан билээ. Мөн тус улсын макро эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлыг харгалзан хүн амын хамгийн эмзэг бүлэгт үзүүлэх нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг тасралтгүй үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх энэ оны 9 дүгээр сарын сүүлчээр батлагдах 150 сая ам.долларын зээлийн хөтөлбөрийг боловсруулж байна. Үүний дээр жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, мөн аюулгүй хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн худалдааг дэмжих чиглэлээр 75 сая долларын зээлийн төслийг мөн онд батлуулахааар төлөвлөж байна. 

АХБ нь Монгол улсад хөгжлийн тусламж үзүүлж эхэлсэн 1991 оноос хойш тээвэр, эрчим хүч, усан хангамж болон хотын  дэд бүтэц, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, санхүү болон хөдөө аж ахуйн салбарт зориулж нийт 1.6 тэрбум ам долларын хөрөнгө олгоод байна.

Ноён Накаогийн айлчлал 2 өдөр үргэлжилсэн бөгөөд Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөрийн (КАРЕК) 14 дүгээр Сайд нарын хуралд оролцлоо. Энэ нь ноён Накаогийн Монголд хийсэн хоёрдахь удаагийн айлчлал бөгөөд анхны удаа 2013 оны 7 сард энэ албан тушаалд томилогдсоны дараахан болж байжээ.

Манила хотод төвтэй АХБ нь оролцоог хангасан эдийн засгийн өсөлт, байгаль орчинд ээлтэй хөгжил, бүс нутгийн интеграцчиллыг дэмжих замаар Ази, Номхон далайн бүс нутаг дахь ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг. 1966 онд байгуулагдсан тус банк нийт 67 гишүүнтэйгээс 48 нь тус бүс нутгийн улс орнууд юм. АХБ нь 2014 оны байдлаар нийт 22.9 тэрбум ам долларын хөгжлийн тусламж үзүүлсний дотор 9.2 тэрбум ам долларын тусламжийг хамтарсан санхүүжилттэй  хэрэгжүүлсэн.

Media Contact