Азийн хөгжлийн банк Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн шинэ стратегийг 5 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтээр дэмжинэ | Asian Development Bank

Азийн хөгжлийн банк Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн шинэ стратегийг 5 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтээр дэмжинэ

News Release | 27 October 2017

ДУШАНБЕ, ТАЖИКИСТАН (2017 оны 10 дугаар сарын 27) — Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу КАРЕК-ийн Сайд нарын 16 дугаар бага хурал өнөөдөр Душанбе хотноо болж өндөрлөлөө. Хурлыг Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рамон нээж үг хэлэв. Мөн Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Ерөнхийлөгч Такехико Накао хурлын зочдод хандаж мэндчилгээ дэвшүүлэв. Тус улсын Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд Нематулло Хикматулозодагаар даргалуулсан тус хурлаар гишүүн 11 орны[1] сайд нар КАРЕК хөтөлбөрийн хэрэгжилтийг 3 дахь арван жилд хөтлөх урт хугацааны шинэ стратегийн баримт бичиг “КАРЕК 2030”-ыг санал нэгтэйгээр баталлаа.

Энэхүү стратеги нь ард иргэд, хөгжлийн бодлого болон төсөл хөтөлбөрүүдийн хоорондын уялдаа холбоог хангах эрхэм зорилгод суурилсан байна. Бүс нутгийн санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, усны нөөц, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбаруудад чиглэсэн бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ санаачлагуудыг дэмжин ажилласнаар КАРЕК хөтөлбөрийн хамрах хүрээ өргөжин тэлж, хүлээсэн үүрэг нь нэмэгдэнэ гэж шинэ стратегид дурджээ. Үүний зэрэгцээ харьцангуй давуу тал олж авсан тээвэр, эрчим хүч, худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийн корридорыг хөгжүүлэх зэрэг өндөр ач холбогдол бүхий уламжлалт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд үзүүлэх дэмжлэгийг гүнзгийрүүлэх аж.

Улс орнууд КАРЕК 2030 стратегийг үндэсний хөгжлийн зорилтуудтайгаа уялдуулан хэрэгжүүлснээр тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд, мөн Парисын гэрээний дагуу уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхэд дөхөм болно.  

Ерөнхийлөгч Накао хэлсэн үгэндээ АХБ-ны зүгээс шинээр батлагдсан КАРЕК 2030 стратегид тусгагдсан үйл ажиллагааг дэмжихэд зориулж 5 тэрбум ам.долларын санхүүжилтийг дараагийн 5 жилд олгоно хэмээн мэдэгдэв. Энэ нь БНХАУ-аас бусад КАРЕК-ийн гишүүн орнуудад АХБ-ны санхүүжилттэй хэрэгжиж буй нийт төсөл хөтөлбөрийн дүнгийн дөрөвний нэгтэй тэнцэх дүн юм.

Энэхүү мэдэгдлийг бататгаж АХБ-наас КАРЕК-ийн авто замын корридорыг хөгжүүлэх 800 сая ам.долларын дүн бүхий олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөрийг Пакистан улстай хамтран хэрэгжүүлэхээр дөнгөж саяхан батлаад байна. Улмаар ирэх онд Туркменистан-Афганистан-Пакистаныг холбосон эрчим хүчний дамжуулах шугамын төслийн эхний үе шатанд зориулж 150 сая ам.долларын санхүүжилт өгөх болно. Түүнчлэн, АХБ-ны зүгээс хөдөө аж ахуйд суурилсан бизнес, аялал жуулчлал, төмөр зам зэрэг КАРЕК 2030-д тусгагдсан салбаруудад хэрэгжих бүс нутгийн төслүүдийн талаарх яриа хэлэлцээгээ аль хэдийн эхлүүлээд байна.

АХБ нь КАРЕК хөтөлбөрийн нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэдэг. Тус хөтөлбөр 2001 онд хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш нийт 30 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг босгожээ. Энэ дүнгийн гуравны нэг буюу 10.5 тэрбум ам.долларыг АХБ санхүүжүүлсэн бөгөөд үлдэх хэсгийг хөтөлбөрийн гишүүн орнуудын засгийн газрууд болон хөгжлийн бусад түншлэгч байгууллагууд санхүүжүүлсэн байна.

КАРЕК хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл тээврийн 6 корридорт хамаарах 8,592 километр авто зам болон 5,103 километр төмөр замыг шинээр барьж байгуулахын сацуу сэргээн засварласан явдал нь бүсийн орнуудыг хооронд нь болон бүсийн бус бусад улс орнуудтай харилцан холбогдох нөхцлийг бүрдүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлсэн. Мөн 9,041 гаруй километр үргэлжлэх эрчим хүчний дамжуулах шугамыг суурилуулсан нь эрчим хүчний илүүдэл бүхий Төв Азийн орнуудаас эрчим хүчний хомсдолтой Афганистан, Пакистан зэрэг Зүүн Азийн орнуудад эрчим хүч нийлүүлэх худалдааны харилцааг дэмжсэн бүтээн байгуулалт болсон юм.

КАРЕК хөтөлбөр нь төслийн хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ худалдааг хөнгөвчлөх, чадавхийг бэхжүүлэх, мэдлэг үйлдвэрлэх болон гишүүн орнуудын хооронд харилцан мэдлэг солилцох зэрэг үйл хэргийг дэмжсээр ирсэн. Мэдлэг, мэдээллийн үйл ажиллагааг түүчээлэн хариуцдаг КАРЕК Хүрээлэн нь засгийн газар хоорондын байгууллагын статустайгаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.  

 Хөгжлийн зорилтуудыг хангахад бүс нутгийн хамтын ажиллагаа хэзээ хэзээнээс илүү чухал ач холбогдолтой байгааг КАРЕК-ийн сайд нар “Душанбегийн тунхаглал” хэмээх хамтын мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ. Гишүүн орнуудын сайд нар хувийн хэвшил, иргэний нийгэм, хөгжлийн түншүүд болон бусад оролцогч талуудтай бүс нутгийн агууламжтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахын зэрэгцээ “Нэг бүс-нэг зам” санаачлага зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааны өөр бусад хөтөлбөрүүдтэй уялдаа холбоогоо бэхжүүлэх шаардлагатай тулгарч буйг мөн цохон тэмдэглэсэн байна.

Филиппин Улсын Манила хотноо төвтэй АХБ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн интеграцчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банк нь бүс нутаг дахь хөгжлийн түншлэлийн 50 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байна. АХБ-ны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2016 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ 31.7 тэрбум ам.доллар байгаагаас 14 тэрбум ам.долларыг хамтын санхүүжилтээр олгосон байна.

[1] КАРЕК хөтөлбөр нь Афганистан, Азербайжан, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Гүрж, Казахстан, Бүгд Найрамдах Киргиз Улс, Монгол, Пакистан, Тажикистан, Туркменистан, Узбекистан гэсэн 11 гишүүн оронтой.