Филиппин Улс, Манила хот (2023 оны 9 дүгээр сарын 20) — Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн төлөвт эрсдэл нэмэгдэж буй хэдий ч өсөлт тогтвортой байх төлөвтэй байгааг Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас гаргасан шинэ тайланд дүгнэжээ.  

Өнөөдөр нийтэлсэн Азийн хөгжлийн төлөв 2023 оны 9 дүгээр сар тайланд Азийн хөгжиж буй орнуудын 2023 оны эдийн засгийн өсөлтийг өмнөх 4.8%-ийн төсөөллөөс ялимгүй бууруулж 4.7% болгожээ. Харин ирэх оны өсөлтийг 4.8% хэвээр байхаар таамагласан байна.  

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв суларснаас шалтгаалж экспортын эрэлт буурсан хэдий ч дотоод эрэлт эрчтэй байсны зэрэгцээ Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын эдийн засаг дахин нээгдсэний эерэг нөлөөгөөр бүс нутгийн эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагаст өөдрөг байв. Аялал жуулчлал сэргэж, үйлчилгээний салбар тогтвортой өсөж, бүс нутгийн эдийн засагт орж ирэх мөнгөн гуйвуулга жигд явагдсан, мөн санхүүжилтийн нөхцөл сайжирснаар бүс нутгийн эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, инфляц ихэнх орнуудад өнгөрсөн оны оргил түвшнээсээ буурч байна.

Гэвч БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын сулралт нь бүс нутгийн төлөвийг доош чангааж байна. Дэлхий даяар хүүгийн түвшин өндөр байгаа нь санхүүгийн тогтворгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Украин, Оросын Холбооны Улсын хооронд үргэлжилж буй хурцадмал байдал нь бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гацалт үүсгэх, экспортын хязгаарлалт тогтоох, мөн “Эль-Ниньо” үзэгдлээс үүдэлтэй үер, ган болох зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нь хүнсний үнийг дахин нэмэгдүүлж, хүнсний аюулгүй байдалд сорилт болж болзошгүй байна.

"Хөгжиж буй Ази тивийн эдийн засаг тасралтгүй өсөхийн зэрэгцээ инфляцын дарамт буурч байна" хэмээн АХБ-ны ерөнхий эдийн засагч Альберт Парк хэлээд “Бүс нутгийн зарим төв банкнууд бодлогын хүүгээ бууруулж эхэлсэн нь өсөлтийг өдөөнө. Гэхдээ улс орны засгийн газрууд бүс нутагт нүүрлэж буй олон эрсдэлээс сэрэмжтэй байх хэрэгтэй. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар суларч байгаад анхаарах шаардлагатай хэвээр байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрс тэс цаг агаар болон “Эль-Ниньо” үзэгдлийн сөрөг нөлөө нь эдийн засгийн эрсдэл даах чадварыг дээшлүүлж, эмзэг бүлгийн ард иргэдийг хамгаалахын тулд улс орнууд хамтран ажиллах шаардлагатайг бидэнд дахин сануулж байна” хэмээн онцлов.

 Хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутагт инфляц 2023 онд 4.2% хүрэхээр тооцоолж байсныг 3.6% болгон бууруулав. Энэ нь БНХАУ-д инфляц бага байгаагийн зэрэгцээ хүнс, эрчим хүчний үнэ тогтворжсонтой холбоотой юм. Ирэх онд инфляцыг 3.5% байхаар таамаглаж байна.

Хөгжиж буй Азийн дэд бүс нутгуудаар авч үзвэл, экспортын эрэлт буурсантай уялдан Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн энэ оны өсөлтийг өмнөх 4.7%-ийн төсөөллөөс 4.6% болгон бууруулжээ. Өмнөд Азийн өсөлтийг мөн 0.1%-иар бууруулж 5.4% болгосон хэдий ч, энэ нь хөрөнгө оруулалт, хэрэглээ өсөлттэй байгаагийн эерэг нөлөөгөөр хамгийн өндөр өсөлттэй дэд бүс нутаг хэвээр байна. Зүүн Азийн өсөлтийн төсөөллийг 4.6%-иас 4.4% болгон бууруулсны дотор БНХАУ-ын өсөлтийг 4 дүгээр сард 5.0% байхаар төсөөлснийг 4.9% хувь болгосон байна. Кавказ, Төв Ази болон Номхон далайн орнуудын өсөлтийн төлөвийг өмнөхөөс нэмэгдүүлсэн болно.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact