МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2023 оны 12 дугаар сарын 11) — Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсын хөдөө аж ахуйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдаа, логистикийг сайжруулах зорилгоор нийт 157.1 сая ам.долларын хоёр төслийг баталлаа.

“АХБ нь тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах зорилгоор  худалдаа, тээвэр, логистикийн салбарт Монгол Улстай хамтран ажилладаг хөгжлийн гол түнш юм” хэмээн АХБ-ны Монгол Улс дах Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлээд “Өнөөдөр батлагдсан төслүүд нь эдгээр салбарын бодлого, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг сайжруулах, худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд нэвтрэх, амьжиргааны боломжуудыг төрөлжүүлэхэд туслах болно” гэв.

57.1 сая ам.долларын өртөгтэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил – 2-р шат” төсөл нь Монголын хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулах зорилготой юм. Төслийн хүрээнд хөдөө аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд боловсруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх технологи нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Мөн экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө аж ахуй эрхлэгчдэд бизнесийн үйл ажиллагаа, чанарын стандартаа сайжруулахад нь тусламж үзүүлнэ.

Энэхүү төсөл нь малын болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй үйлдвэрлэл, мал аж ахуйн дэвшилтэт дадлыг нэвтрүүлэх чадавхыг бий болгох, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн сургалт явуулах замаар малчид, тариаланчдад үйлдвэрлэлээ оновчтой болгоход нь тусална. Төслийн хүрээнд иргэдийн орлого олох чадавхыг нэмэгдүүлэхийн тулд малчид, тариаланчдыг нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэхэд дэмжлэг үзүүлнэ.

Харин 100 сая ам.долларын өртөгтэй “Тогтвортой худалдаа-хилийн үр ашгийг сайжруулах” төсөл нь Монгол Улсын худалдааны салбарыг бэхжүүлэх, экспортын төрөлжилтийг дэмжих, авто замын боомтоор нэвтрэх зорчигч, бараа бүтээгдэхүүний хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм. Энэ хүрээнд уур амьсгалд дасан зохицох байгууламжууд барьж байгуулах, хилийн боомтыг шинэчлэх,  хяналт шалгалтын ухаалаг тоног төхөөрөмжүүд суурилуулах, худалдааг хөнгөвчлөх системийг сайжруулах зэрэг ажлуудыг хийнэ. 

Төслийн хүрээнд хүн, мал, амьтны халдварт өвчин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй холбоотой биологийн халдварын тандалт, эрт илрүүлэг, хариу арга хэмжээг бэхжүүлэх замаар бүс нутгийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг сайжруулна. Мөн хүн, амьтан, экосистемийн эрүүл мэндийг тэнцвэржүүлэх, оновчтой болгох зорилготой “Нэг эрүүл мэнд” зохицуулалтын механизмыг хилийн боомтод нэвтрүүлэх юм. АХБ-ны эмзэг, ядуу хөгжиж буй гишүүн орнуудад буцалтгүй тусламж олгодог Азийн хөгжлийн сангаас таван сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэхүү төсөлд мөн олгоно.
 
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact