МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2020 оны 12 дугаар сарын 14) — Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын чанар, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах хөтөлбөрийнхөө хоёрдугаар ээлжийн 60 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа.

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийн 2-р үе шат болох нийт 160 сая ам.долларын бодлогын зээлийг 2019 оны 12 дугаар сард баталж, эхний ээлжийн 100 сая ам.долларын санхүүжилтийг тухайн сард олгосон.

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газраас 2017–2025 онд хэрэгжүүлэх “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн болон агаарын чанарын менежментийн төрийн зохицуулалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилготой юм. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нийслэл болон улсын хэмжээнд байгаль орчинд ээлтэй хот байгуулалт, эрчим хүч, тээврийн нэгдсэн тогтолцоог бий болгох чиглэлээр авсан яаралтай арга хэмжээг тус хөтөлбөрөөр санхүүжүүлжээ.

“Засгийн газар маш идэвх санаачлагатай ажилласан бөгөөд хөтөлбөрөөс гарах үр өгөөжийг ойлгож, эрчим хүчний салбарыг ногооруулахад цаашид ямар ажил хийх шаардлагатайг тодорхой мэдэж байна” хэмээн АХБ-ны Байгаль орчны эдийн засагч Аннабелл С.Жоржетти хэлээд, “Хоёрдугаар ээлжийн санхүүжилт маань дулаан хангамжийг байгальд ээлтэй болгох тогтвортой, урт хугацааны арга хэмжээ, бодлогын шинэчлэлийн суурин дээр хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд хийсэн олон шинэчлэлийг дотоодын хууль тогтоомжид тусгасан бөгөөд АХБ-наас хэрэгжүүлж буй техникийн туслалцааны хүрээнд цаашид дэмжин сайжруулах болно” хэмээн тодотгов.

Дэлхий дахиныг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал хүмүүсийн нийгэм, эрүүл мэнд болон эдийн засгийн нөхцлийг улам дордуулж буй өнөө үед энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь өндөр ач холбогдолтой, цаг үеэ олсон юм. Агаарын бохирдол ихтэй газар амьдардаг хүмүүс КОВИД-19-өөр халдварлах эрсдэл илүү өндөр, мөн вирусын халдвар авсны дараа илүү хүндээр өвчилж буй нь шинжлэх ухаанаар нотлогдоод байна.

Агаарын чанарын менежментийг сайжруулж, бохирдлыг бууруулахад болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж гаргахад бодитой хувь нэмэр оруулсан Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийн 1-р үе шатны хүрээнд эхлүүлсэн шинэчлэл дээр энэхүү хөтөлбөр нь тулгуурлан хэрэгжинэ. 1-р үе шатны 130 сая ам.долларын зээлийн санхүүжилт 2018 оны 3-р сард батлагдаж байсан юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact