fbpx АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ТАНИЛЦУУЛНА | Asian Development Bank

АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ТАНИЛЦУУЛНА

Филиппин Улс, Манила хот (2017 оны 9 дүгээр сарын 8) — Азийн хөгжлийн банк (АХБ) жил бүр эрхлэн гаргадаг “Ази, Номхон далайн бүс нутгийн статистикийн түлхүүр үзүүлэлтүүд” цувралынхаа 2017 оны дугаарыг танилцууллаа. Түлхүүр үзүүлэлтүүд 2017 тайланд АХБ-ны бүс нутгийн гишүүн 48 орны эдийн засаг, санхүү, нийгэм болон байгаль орчны хамгийн сүүлийн үеийн статистик үзүүлэлтүүд багтжээ.

“Түлхүүр үзүүлэлтүүд 2017 тайлан нь АХБ-ны гишүүн орнуудын хувьд, мөн судлаач шинжээчид, хэвлэл мэдээлэл болон иргэдийн хувьд бүс нутгийн хөгжлийн үйл явцыг хянахад чухал ач холбогдолтой хэрэгсэл юм. Шийдвэр гаргагчид хөгжлийн зорилгодоо нийцсэн бодлогыг тоо баримтан дээр үндэслэж боловсруулдаг. Энэхүү товхимолд статистикийн тоо баримтыг хөгжлийн өргөн сэдвийн хүрээнд харьцуулан үзүүлсэн.” гэж АХБ-ны ерөнхий эдийн засагч Ясуюки Савада хэлсэн байна.

АХБ-ны судлаачдын явуулсан 3 төрлийн туршилтын судалгаагаар боловсруулан гаргасан хүйсээр ялгасан тоон мэдээллийн дүн шинжилгээг багтаасан нь энэ жилийн дугаарын томоохон онцлог юм. Хөгжлийн зорилтуудад хүрэхэд эмэгтэйчүүдийн эд хөрөнгө өмчлөлийг уялдуулахын чухлыг нотолсон баримтууд байдаг ч 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтын ололтуудыг хянахад шаардлагатай хүйсээр ялгасан тоон мэдээлэл тун ховор байдаг. Энэ сэдвийн хүрээнд цаашид хийгдэх статистик судалгааны ажлуудад үнэтэй сургамж болох эдгээр туршилтын судалгаагаар хөрөнгө эзэмшлийн тоо мэдээллийг хувь хүний түвшинд гаргажээ.

Энэ жилийн тайлангийн агуулгад дараах сэдвүүд багтсан байна. Үүнд:

  • Ази, Номхон далайн бүс нутгийн Тогтвортой хөгжлийн зорилтын үзүүлэлтүүд: хүн, гараг, хөгжил цэцэглэлт, энхтайван, түншлэл — гэсэн таван сэдвийн хүрээнд гарсан ололтуудыг тайланд тусгав.
  • Дараах найман сэдвийн хүрээнд бүс нутгийн түвшний хандлага, хүснэгтүүд  — хүн ард; эдийн засаг ба гарц; мөнгө, санхүү ба үнэ; глобалчлал; тээвэр ба харилцаа холбоо; эрчим хүч ба цахилгаан; байгаль орчин; засгийн газар; засаглал
  • Түлхүүр үзүүлэлтүүд 2015 тайланд анх танилцуулж байсан Дэлхийн өртгийн сүлжээний статистикийн шинэчилсэн тоо мэдээлэл, хүснэгт
  • АХБ-ны бүс нутгийн 48 гишүүн орны шинэчилсэн үзүүлэлттэй хүснэгтүүд (онлайнаар татан авч болно).

Энэхүү тайлангийн хамтаар АХБ-ны онлайн статистикийн сан шинэчлэгдлээ. Та “Ази, Номхон далайн бүс нутгийн статистикийн түлхүүр үзүүлэлтүүд”-тэй танилцахыг хүсвэл adb.org сайт руу нэвтрэх болон энд дарж татаж авна уу.

Филиппин Улсын Манила хотноо төвтэй АХБ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн интеграцчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банк нь бүс нутаг дахь хөгжлийн түншлэлийн 50 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байна. АХБ-ны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2016 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ 31.7 тэрбум ам.доллар байгаагаас 14 тэрбум ам.долларыг хамтын санхүүжилтээр олгосон байна.