ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2020 оны 9-р сарын 10) — Азийн Хөгжлийн Банк (АХБ) жил бүр эрхлэн гаргадаг “Ази, Номхон далайн бүс нутгийн голлох үзүүлэлтүүд” статистик тайлангийн 2020 оны дугаар болон “Статистикийн Голлох Үзүүлэлтүүд” цахим мэдээллийн санг шинэчилж олон нийтэд танилцууллаа.
“Статистикийн Голлох Үзүүлэлтүүд-2020” тайланд АХБ-ны гишүүн бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт оршдог 49 орны нийгэм, эдийн засаг, санхүүгийн салбар, байгаль орчны статистик, дэлгэрэнгүй тоон мэдээлэл болон Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ)-ын үзүүлэлтүүдийг 2000-2019 оныг хамруулан тусгасан болно. Энэхүү тайлангийн онцлох тоон үзүүлэлтийг дурдвал Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг 2000 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 26.3%-ийг бүрдүүлж байсан бол 2019 оны байдлаар 34.9% болж өссөнөөр бүс нутгийн оролцоогоор авч үзвэл дэлхийн эдийн засагт хамгийн өндөр хувь хэмжээг эзлэх болсон байна.
“Сүүлийн 20 жилийн дотор Ази, Номхон далайн бүс нутаг хурдацтай хөгжиж, дэлхийн ДНБ-д жинтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ олон сая хүн ядуурлаас ангижраад байна” гэж АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюуки Савада мэдэгдээд “Цаг үеэ олсон, үнэн бодитой статистик мэдээлэл нь Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн одоогийн хүрсэн түвшин, ололт, амжилтыг бататгах, цаашид сайжруулах шаардлагатай талбаруудыг тодорхойлоход чухал нөлөөтэй. Статистик мэдээллийг илүү хүртээмжтэй болгож, түүнийг ялангуяа COVID-19 цар тахлын энэ цаг үед өргөн хүрээнд ашиглах боломжтой байх нь тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлт, хөгжилд хүрэх тухай бүс нутгийн хөгжлийн зорилтод эергээр нөлөөлөх болно” хэмээн онцлон тэмдэглэв.
“Статистикийн Голлох Үзүүлэлтүүд-2020” тайланд дурдсанаар дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад Ази, Номхон далайн бүс нутгийн үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдэж байна. Тухайлбал, 2019 оны байдлаар дэлхийн нийт шууд хөрөнгө оруулалтын гуравны нэг гаруй нь уг бүс нутагт ногдож байсан бол дэлхийн нийт экспортод бүс нутгийн экспортын эзлэх хувь хэмжээ 2000 оны 28.4%-иас мэдэгдэхүйц нэмэгдэж 2019 онд 36.5% болж өсчээ. Түүнчлэн, энэхүү тайланд мэдээлэл нь тусгагдсан улс орнуудын талаас илүүд нь 2019 оны байдлаар ДНБ-ий өсөлт 4 хувь буюу түүнээс өндөр гүйцэтгэлтэй гарчээ. Гэвч COVID-19 цар тахлын сөрөг нөлөө, хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээний улмаас бизнесийн үйл ажиллагаа огцом уналтад орж, иргэдийн амьдралд сөрөг үр дагавар учирч, орлого буурахын зэрэгцээ ажилгүйдэл нэмэгдэж байгаа нь бүс нутгийн эдийн засгийн өнгөрсөн хугацааны ололт амжилтад сөргөөр нөлөөлж байна.
Өрхийн түүвэр судалгаа, хүн амын тооллого, бүртгэлийн мэдээллийг сансрын зураглал, хиймэл дагуулын дүрслэлтэй нэгтгэснээр ядуурлын түвшний үнэлгээ, тооцооллыг хэрхэн сайжруулж болох тухай нэмэлт мэдээллийг тусгай бүлэг болгож энэхүү тайланд оруулсан болно. Үүний зэрэгцээ энэхүү шинэ хандлагыг ашиглан ядуурлын тархалтын зураглал хийхэд тавигдах техникийн шаардлага, практик асуудлууд, энэхүү шинэ аргачлалаар боловсруулсан мэдээлэл, тоон өгөгдлийн эх сурвалжийг уламжлалт арга хэрэгслүүдтэй хослуулан хэрэглэх замаар статистик мэдээллийг сайжруулахад үндэсний статистикийн эрх бүхий байгууллагуудад шаардагдах хөрөнгө оруулалтыг мөн тодорхойлж уг тайланд тусгав.
“Статистикийн Голлох Үзүүлэлтүүд-2020” тайлан дараах мэдээлийг мөн агуулсан болно. Үүнд:
- Ази, Номхон далайн бүс нутгийн ТХЗ-ын шинэчилсэн үзүүлэлтүүд.
- Бүс нутгийн чиг хандлага, төлвийн талаарх статистик үзүүлэлт, хүснэгтэн мэдээллийг дараах найман үндсэн чиглэлийг хамруулж боловсруулсан - хүн ам; эдийн засаг болон үйлдвэрлэл; мөнгө, санхүү, үнэ; даяарчлал; тээвэр, харилцаа холбоо; эрчим хүч болон цахилгаан; байгаль орчин; Засгийн газар болон засаглал.
- Хөгжиж буй Азийн орнуудаас дэлхийн зах зээлд илүү олон нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж, өрсөлдөх чадвар, түүний чиг хандлагад гарч буй өөрчлөлтөд хийсэн дүн шинжилгээ болон дэлхийн үнэ цэнийн сүлжээний талаарх шинэчилсэн мэдээлэл.
- АХБ-ны гишүүн бөгөөд бүс нутгийн нийт 49 орны шинэчилсэн үзүүлэлт бүхий хүснэгт.
“Статистикийн Голлох Үзүүлэлтүүд” цахим мэдээллийн санг 2019 оны 9-р сард анх олон нийтийн хүртээл болгосон. Хэрэглэгчид уг мэдээллийн сангаас 1,100 гаруй статистик үзүүлэлтийг 2000 оноос хойшхи байдлаар, хамгийн хялбар, ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр ашиглах боломжтой юм.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.