ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2021 оны 12 дугаар сарын 14) – Коронавируст цар тахал (КОВИД-19)-ын шинэ халдварууд тархаж, энэ оны гуравдугаар улиралд эдийн засгийн өсөлт удааширсантай уялдан Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас хөгжиж буй Азийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг энэ онд 7.0%, ирэх онд 5.3% болгож ялимгүй буурууллаа.

Азийн хөгжлийн төлөв 2021 тайланд оруулсан ээлжит нэмэлт тодотгол нь 9 дүгээр сард зарласан төсөөлөл болох 2021 оны 7.1%, 2022 оны 5.4%-иас бага зэрэг доогуур байна. Төв Азийг эс тооцвол бусад дэд бүс нутгийн энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөв бага зэрэг буурлаа.

“Вакцинжуулалтын ажлыг эрчимтэй үргэлжлүүлж, цар тахлын халдварыг хумих, урьдчилан сэргийлэх арга хэмжээг илүү стратегитай хэрэгжүүлэх замаар Ази тивийн хөгжиж буй орнууд КОВИД-19-тэй тууштай тэмцэж зохих үр дүнд хүрч байгаа нь энэ оны эхэн үеийн эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн” гэж АХБ-ны Ерөнхий эдийн засагчийн үүрэг гүйцэтгэгч Жозеф Жуниор Звеглич хэлээд, “Гэвч энэ оны гуравдугаар улиралд халдварын шинэ дэгдэлт бий болсон нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд сөргөөр нөлөөлж, цар тахлын Омикрон хувилбар шинээр гарч ирсэн нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байна. Эдийн засгийг сэргээх арга хэмжээнд эдгээр хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай” хэмээн тодотгов.

Эдийн засгийн өсөлтийн төлөвт нөлөөлөх гол эрсдэл нь КОВИД-19 цар тахлын халдварын тохиолдол дахин нэмэгдэх явдал хэвээр байна. Дэлхий даяар нэг өдөрт бүртгэгдсэн шинэ тохиолдлын дундаж 10 дугаар сарын 15-ны байдлаар 404,000 байсан бол 11 дүгээр сарын 30-нд бараг 573,000 болж нэмэгдсэн. Хөгжиж буй Азид вакцинжуулалтын хамрагдалт 11 дүгээр сарын 30-ны байдлаар 48.7% (хоёр тунгийн бүрэн хамралт) болж мэдэгдэхүйц нэмэгдсэн боловч АНУ-ын 58.1%, Европын Холбооны 67.2%-тай харьцуулахад удаашралтай байна. Вакцинд бүрэн хамрагдсан иргэдийн нийт хүн амд эзлэх хувь Сингапурт 91.9%, Папуа Шинэ Гвинейд 2.2% байгаа нь бүс нутаг дахь улс орон бүрээр эрс ялгаатай байгааг харуулж байна.

Бүс нутгийн ерөнхий хандлагаас ялгарч буй Төв Азийн эдийн засаг энэ онд 4.7%-иар өсөх төлөвтэй байгаа нь түүхий эдийн үнэ өсч, төсвийн зардал нэмэгдсэнтэй холбоотой юм. 2022 оны өсөлтийг өнгөрсөн 9 дүгээр сард 4.2% гэж тооцоолж байсныг 4.4% болгож нэмэгдүүлсэн байна.

Бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын (БНХАУ)-ын өсөлтийн таамаглалыг бага зэрэг бууруулснаас шалтгаалж Зүүн Азийн бүс нутгийн 2021 болон 2022 оны өсөлтийн төлөв тус бүр 0.1 нэгж хувиар буурч, 7.5% болон 5.0% болов. БНХАУ-ын эдийн засаг энэ онд 8.0%, ирэх онд 5.3%-иар өсөх төлөвтэй байгаа юм.

Өнгөрсөн 9 дүгээр сард Өмнөд Азийн эдийн засгийг 2021 онд 8.8%-иар өснө гэж таамаглаж байсныг 8.6% болгож буурууллаа. Харин 2022 оны өсөлтийн төлөв өмнөх төсөөлөл 7.0%-иас өөрчлөгдөөгүй болно. Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг болох Энэтхэг Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны 3 дугаар сарын 31-нээр дуусгавар болох 2021 оны төсвийн жилд 9.7%-иар өсөх төлөвтэй буюу өмнөх төсөөллөөс 0.3 нэгж хувиар бага байна. Үүний гол шалтгаан нь нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн асуудал нь аж үйлдвэрлэлийн салбарт сөргөөр нөлөөлж байгаатай холбоотой. Тус улсын дотоод эрэлт 2022 онд хэвийн горимд шилжих төлөвтэй байгаа тул эдийн засгийн өсөлт ирэх онд 7.5%-д хадгалагдахаар байна.

Зүүн Өмнөд Азид КОВИД-19-ийн дельта хувилбарын эсрэг хэсэгчилсэн хязгаарлалт, хөл хорио тогтоосон тул 2021 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 0.1 нэгж хувиар бууруулж 3.0% болгож өөрчиллөө. Харин ирэх онд цар тахлын эсрэг хязгаарлалт, хөл хорих арга хэмжээг зөөлрүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх хүлээлттэй уялдан эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5.1% болгож нэмэгдүүлэв. Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлтийн таамаг энэ онд –0.6% хэвээр байгаа бол 2022 оны өсөлтийн төсөөллийг бага зэрэг бууруулж 4.7% болгов.  

Бүс нутгийн инфляци 2021 онд 2.1%, 2022 онд 2.7%-д байх төлөвтэй байгаа нь мөнгөний бодлогын орон зайг тэлж, цар тахлаас эдийн засгийг сэргээх бодлогод чухал дэмжлэг болохоор байна.  

АХБ-наас жил бүр эрхлэн гаргадаг эдийн засгийн гол тайлан болох Азийн хөгжлийн төлөв нь 4 дүгээр сард хэвлэгддэг бөгөөд 9 дүгээр сард шинэчлэгдэж, 7 болон 12 дугаар сард нэмэлт өөрчлөлт, тодотгол оруулдаг. Хөгжиж буй Азид АХБ-ны хөгжиж буй 46 гишүүн орныг хамруулдаг болно.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact