МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2021 оны 9 сарын 7) — Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны дэмжлэгтэй хэрэгжиж буй хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийн нэмэлт санхүүжилт болох 1 сая ам.долларын хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон АХБ өнөөдөр баталлаа. Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд Б. Жавхлан, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран нар гарын үсэг зурлаа.

“Энэхүү нэмэлт санхүүжилтын төсөл нь Япон Улсын Засгийн газраас Ядуурлыг бууруулах Японы сангаар дамжуулан санхүүжүүлж буй жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн төслүүд дээр нэмэлтээр олгогдож байгаа юм” хэмээн Суурин төлөөлөгч Рамачандран хэлээд “Энэ төсөл маань АХБ-ны 2030 он хүртэлх Стратегийн үндсэн зорилтуудын нэг болох жендэрийн тэгш байдлыг хангах зорилтод нийцсэн төдийгүй охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгахад чиглэсэн Тогтвортой хөгжлийн зорилт 5-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсад дэмжлэг болох юм.” хэмээн тэмдэглэв.

Энэхүү нэмэлт санхүүжилтын төслийн хүрээнд цар тахлын дараах үед гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим шийдлийг нэвтрүүлэх, орон нутгийн санаачлагыг дэмжих, анхан шатны нэгжийн үйлчилгээ үзүүлэгчдийг чадавхжуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Мөн төслөөр гэр бүлийн хүчирхийллийн яаралтай тусламжийн утасны үйлчилгээнд хиймэл оюун ухаанд суурилсан систем нэвтрүүлэх замаар алслагдмал хөдөө орон нутгийн болон үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал иргэдэд эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл хүргэх боломжийг нэмэгдүүлнэ. Мөн түүнчлэн мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг (ISO 27001) тусламжийн утасны үйл ажиллагаанд нэвтрүүлэх төдийгүй хамтарсан багийн үйлчилгээнд холбон зуучлах мэдээллийн тогтолцоог бий болгох юм.

Нэмэлт санхүүжилтын анхны төсөл болох 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийг 2018 оны 12 сард баталж байв. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамтарсан багаар үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой тус төслийн хүрээнд гурван аймаг, хоёр дүүрэгт түр хамгаалах байр байгуулах, үйлчилгээ үзүүлэгч талуудын чадавхыг бэхжүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, даван туулагч эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхижуулах зэрэг ажлуудыг хийж байна.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact