МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2018 оны 11 дүгээр сарын 2) — Азийн хөгжлийн банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монголд анх удаа хөгжүүлэх, мөн татварын зохицуулалт, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг мэдээлэл, харилцааны технологи ашиглан сайжруулах зорилго бүхий нийт 85.6 сая ам.долларын санхүүжилттэй төслүүдийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гэрээнд гарын үсэг зурав. Түүнчлэн гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний яам болон Татварын Ерөнхий газрын төлөөлөгчид оролцлоо.

 “Эдгээр төслүүд нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн ялгаруулалтыг бууруулах болон төсвийн санхүүгийн ашиглалт, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтад дэмжлэг үзүүлнэ” хэмээн АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлээд “Хүртээмжтэй өсөлтийг дэмжих, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн АХБ-наас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн агуулгатай эдгээр хоёр төслийн зорилго яв цав нийцэж байгаа” хэмээн тэмдэглэв.

Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд нарны болон салхины эрчим хүчийг ашиглах цэнэгт хураагуурын дэвшилтэт технологи, эрчим хүчний удирдлагын систем бүхий нийт 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монгол Улсад анх удаа хөгжүүлэх ажлыг хийнэ. Ингэснээр хөрш орнуудаас өндөр үнэтэй, нүүрсхүчлийн хийн өндөр ялгаруулалт бүхий цахилгаан импортолдог Монгол Улсын баруун бүсийн алслагдмал аймгуудад амьдарч буй 260,000 орчим иргэнийг цэвэр бөгөөд найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм. 

АХБ-ны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээс гадна Уур амьсгалын стратегийн сангаас бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд 14.6 сая ам.долларын буцалтгүй тусламж, Японы хамтарсан кредит олгох механизмын сангаас 6 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтийг тус тус олгоно. Монгол Улсын Засгийн газрын зүгээс хариуцах санхүүжилт нь 5.62 сая ам.доллар байна.

Татварын зохицуулалт, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах төслөөр татварын удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулснаар татвар төлөлтийг нэмэгдүүлэх, татвар төлөгчдөд үйлчлэх үйлчилгээг сайжруулах, ил тод байдлыг хангахад бодитой дэмжлэг үзүүлнэ. Төслийг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ба төслийн хүрээнд татварын албаны татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх, ашиглахад шаарлагатай дэд бүтэц, тоног төхөөрөмж, сүлжээг шинэчлэх ажлыг хийнэ. Мөн төслөөр улсын хэмжээнд эдийн засаг, нийгмийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын төслүүдийг үнэлэх, сонгох, төлөвлөх, тэдгээрийг үр дүнтэй удирдан хэрэгжүүлэх, хянахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоормэдээлэл технологид суурилсан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс хариуцах санхүүжилт нь 1.47 сая ам.доллар байна.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2017 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгожээ.

Media Contact