fbpx АХБ иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг дэмжинэ | Asian Development Bank

АХБ иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг дэмжинэ

News from Country Offices | 19 July 2019

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2019 оны 7 дугаар сарын 19) – Монгол Улсын Жендэрийн тэгш байдлын хөтөлбөрийг үндэсний, салбарын болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудад (ИНБ) дэмжлэг үзүүлэх зорилготой 500,000 ам.долларын техникийн туслалцааны төслийг эхлүүлэх баримт бичигт Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Монгол улсын Засгийн газар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Төслийг хүчин төгөлдөр болгон, хэрэгжилтийг эхлүүлэх энэхүү баримт бичигт Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга ноён И. Батхүү, Жендэрийн Үндэсний Хорооны ажлын албаны дарга хатагтай Т. Энхбаяр болон АХБ-ны Дэд захирал буюу Суурин Төлөөлөгчийн Орлогч ноён Деклан Магий нар гарын үсэг зурсан байна.

“Энэхүү техникийн туслалцааны төсөл нь Япон улсын Засгийн Газрын дэмжлэгтэй Ядуурлыг Бууруулах Японы Сангийн санхүүжилтээр Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг дэмжиж буй АХБ-ны гуравдахь бие даасан төсөл юм. АХБ-ны 2030 он хүртэлх стратегийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох жендэрийн тэгш байдлыг хангах үйл явцыг хурдасгах чиглэлтэй энэ төсөл нь нягт уялдаж байгаа” хэмээн ноён Магий тэмдэглэн хэллээ.

“ИНБ-уудын оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах” энэхүү төсөл нь тодорхой асуудал, иргэдэд чиглэсэн сургалтын шинэлэг хөтөлбөр болон бага орлоготой иргэдийг дэмжих, нийгмийн бүлгүүдэд хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй, шинэлэг, дадлагажуулан сургах аргачлалаар дамжуулан АХБ-ны ИНБ-уудтай явуулж буй хамтын ажиллагааг үндэсний хэмжээнд өргөжүүлэх юм.

Жендэрийн тэгш байдлын талаар баримталж буй бодлогын баримт бичгүүдийг үндэсний, салбарын болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ бодлогын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн АХБ-ны өмнөх төслүүдийн амжилт ололтод уг төсөл нь суурилна. Мөн түүнчлэн хөгжлийн үр дүнг дээшлүүлэх зорилгоор иргэний нийгмийн оролцоог гүнзгийрүүлэхэд чиглэсэн одоо хэрэгжиж буй бүс нутгийн техникийн туслалцааны төсөлтэй уялдаж байгаа юм.

АХБ нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн загварчлал болон хэрэгжилтийг дэмжих, мөн хуулийн үр дүнтэй хэрэгжилтийг хангах чадавхийг бэхжүүлэх зэргээр Монгол Улсын Жендэрийн Үндэсний Хороотой 2009 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байна.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.