fbpx ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХАД АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА | Asian Development Bank

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХАД АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

News from Country Offices | 1 February 2018

Улаанбаатар хот, Монгол улс (2018 оны 2 дугаар сарын 1) – Өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Жендэр ба Хөгжил” сэдэвт Үндэсний чуулганаар Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Үндэсний түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад салбар дундын зохицуулалтыг сайжруулахад чиглэсэн тус чуулганыг Монгол улсын Засгийн газaр, АХБ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сан, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна. Чуулганы үеэр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийг албан ёсоор танилцууллаа.

Төрийн болон орон нутгийн захиргаа, иргэний нийгэм, хандивлагч байгууллагуудын 500 гаруй төлөөлөл оролцсон уг чуулганыг Монгол улсын Ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний Хорооны дарга У.Хүрэлсүх нээж үг хэлэв. Мөн АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн болон НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара нар чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.

“Жендэрийн эрх тэгш байдал нь АХБ-наас Монгол улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн зорилтуудад нийтлэг байдлаар хамаарах, салбар хоорондын уялдаа шаардсан сэдэв юм. АХБ-наас Засгийн газартай хамтран жендэрийн тэгш бус байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг арилгахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэж АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Фернандез Ломмен хэлээд “Бид цаашид хэрэгжүүлэх жендэрийн асуудлыг түлхүү багтаасан төслүүдээрээ Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжин ажиллах болно. Тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдлийн нөхцөлд эмэгтэйчүүдийн даван туулах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд эмэгтэйчүүдэд зориулсан ногоон ажлын байрыг нэмэгдүүлнэ” хэмээн онцлон тэмдэглэв.

2009 оноос хойш АХБ Жендэрийн Үндэсний Хороотой нягт хамтран ажиллаж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор чадавхи бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж ирсэн. Япон улсын Засгийн газрын Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Монгол улсын Засгийн газар, АХБ хамтран үндэсний болон орон нутгийн түвшинд хөгжлийн гол салбаруудын бодлого, хөтөлбөрт жендэрийн тэгш эрхийн үзэл баримтлалыг уялдуулан тусгах ажлыг шат дараалан зохион байгуулж байна. Түүнчлэн тус сангийн буцалтгүй тусламжаар АХБ-наас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ төсөл боловсруулж эхлээд байна.

Филиппин Улсын Манила хотноо төвтэй АХБ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн

интеграцчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулахад чиглэн ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог.