АХБ болон Таван Богд группийн охин компаниуд цар тахлын үед Монгол Улсын улаан буудайн нийлүүлэлтийн сүлжээг дэмжих зээлийн гэрээнд гарын үсэг зурав

News Release | 29 September 2020

МОНГОЛ УЛС,  УЛААНБААТАР ХОТ (2020 оны 9 дүгээр сарын 29) -  Өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ), “Улаанбаатар гурил” ХХК (УБГ ХХК) болон “Таван Богд Фүүдс” ХХК (ТБФ ХХК) коронавируст (КОВИД-19) цар тахлын үед Монгол Улсын улаан буудайн нийлүүлэлтийн сүлжээг дэмжихэд чиглэсэн 15 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурав.

УБГ ХХК-д олгох 10 сая ам.доллар болон ТБФ ХХК-д олгох 5 сая ам.долларын зээл нь эдгээр компаниудын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг дэмжиж, улмаар тус хоёр компанийн ажилчдаас гадна Монголын олон мянган улаан буудайн тариаланчдын амьжиргааг хамгаалахад дэмжлэг болох юм.

Улаан буудай нь Монгол улсын дотоодын гол хүнсний бүтээгдэхүүн болох гурилыг үйлдвэрлэх үндсэн түүхий эд юм. Хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас худалдаа сарнин, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнөөр нэн ядуу өрхүүдэд мах, сүүн бүтээгдэхүүн худалдан авахад хүндрэлтэй болж байна. Хүнсний баталгаат байдлын хувьд монголчуудын 25 гаруй хувь нь хүнд болон хөнгөвтөр хэлбэрийн эрсдэлтэй бүлэгт хамрагддаг.

“Улаан буудай нь Монгол Улсын газар тариалангийн үндсэн ургац учир цар тахлын улмаас үүссэн сарнилыг даван туулах зорилгоор хангамжийн сүлжээг бэхжүүлснээр тариаланчид, үйлдвэр, жижиглэнгийн худалдааны олон ажилчдын орлогыг хамгаалах болно. Цар тахлын үед эдгээр компаниудын хөрвөх чадварыг сайжруулах дэмжлэг үзүүлснээр тэд буудайгаа хангалттай хэмжээнд нөөцөлж, улмаар хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтөөс зайлсхийхэд тусална” хэмээн АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран онцлов.

Таван Богд Группийн тэргүүн дэд ерөнхийлөгч хатагтай Д.Хулан, “АХБ-наас идэвх, санаачлагатай ажиллаж, КОВИД-19-өөс үүдэлтэй энэ тодорхойгүй цаг үед тусламж үзүүлэхээр болсонд бид талархаж байна. АХБ нь цар тахлын эдийн засгийн нөлөөллийг арилгахад туслах зорилгоор Монголын хувийн хэвшилд гар сунгасан анхны банкнуудын нэг байлаа. Зах зээлийн тэргүүлэгчийн хувьд УБГ ХХК нь өндөр чанартай гурилыг Монгол Улсын хэмжээнд тасралтгүй үйлдвэрлэж, жигд хангахаар ажилладаг. Энэхүү зээл нь ТБФ ХХК-иас дэлхийн стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож, орон нутгийн бэлтгэн нийлүүлэгчдээс илүү ихийг худалдан авахад туслах болно” хэмээн тэмдэглэв.

Зээлдэгчид нь Монгол улсын хамгийн том групп компаниудын нэг болох Таван Богд Группийн охин компаниуд юм. УБГ ХХК нь гурил үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани бөгөөд 2019 оны байдлаар нийт зах зээлийнхээ 35%-ийг эзэлж байна. ТБФ ХХК нь түргэн хоолны томоохон сүлжээнүүдийг ажиллуулдаг бөгөөд хүргэлтийн хоол, хүнсний салбарын гол тоглогч юм.

Энэхүү зээл нь АХБ-наас КОВИД-19 цар тахлын хүрээнд Монгол Улсад олгож буй тусламж дэмжлэгт нэмэлт болох бөгөөд үүнд КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнд зориулсан 100 сая ам.долларын зээл, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн нэмэлт санхүүжилт болох 30 сая ам.доллар, мөн цар тахлын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг бууруулахад чиглэсэн “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийн 26.4 сая ам.долларын зээл зэрэг багтаж буй юм.  

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.