ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2021 оны 9 дүгээр сарын 22) — Азийн Хөгжлийн Банк (АХБ) коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын сөрөг үр дагавар бүс нутгийн хэмжээнд үргэлжилж буйтай холбогдуулан хөгжиж буй Ази тивийн 2021 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа.
АХБ-наас эрхлэн гаргадаг эдийн засгийн голлох тайлан болох “Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв 2021” тайланд бүс нутгийн энэ оны эдийн засгийн өсөлтийг 7.1% байхаар тооцоолсон байна. Харин өнгөрсөн 4 дүгээр сарын тайланд өсөлтийн төсөөллийг 7.3% байхаар таамаглаж байсан. 2022 оны тухайд өсөлтийн төлөв 5.3% байхаар төсөөлж байсныг 5.4% болгож өсгөсөн байна. КОВИД-19-ийн шинэ хувилбарууд гарч, дотоодод халдварууд дэгдэж, янз бүрийн түвшинд хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтыг эргэн сэргээж буйгаас гадна вакцинжуулах үйл явц удаашралтай, улс орон бүрт харилцан адилгүй, жигд бус үр дүнтэй байгаа нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг өмнөхөөс бууруулах суурь үндэслэл болж байна.
“Вирусын шинэ хувилбарууд нь шинэ дэгдэлтийг өдөөж буйгаас зарим эдийн засагт хөл хорио тогтоож, дахин хөдөлгөөн хязгаарлахад хүргэж байгаа тул хөгжиж буй Ази нь КОВИД-19 цар тахалд эмзэг хэвээр байна” гэж АХБ-ны Ерөнхий эдийн засагчийн үүрэг гүйцэтгэгч Жозеф Звеглич Жуниор хэлээд, “Бодлогын арга хэмжээ нь зөвхөн халдварыг тогтоон барих, вакцинжуулах зэрэгт анхаараад зогсохгүй, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлж, улмаар цар тахал хумигдаж, эдийн засаг сэргэхэд үүсэх “шинэ хэвийн байдал”-д эдийн засгийн салбаруудаа дасан зохицох чадвартай болгоход чиглэх ёстой” хэмээн тэмдэглэв.
Энэ оны 4 дүгээр сард вирусын дельта хувилбар гарснаас хойш хөгжиж буй Азийн орнуудад КОВИД-19-ийн халдварын тоо нэмэгдсэн. Шинэ тохиолдлын тоо 5 дугаар сард өдөрт 430,000 болж дээд цэгтээ хүрсэн. Зөвхөн 8 дугаар сарын 31-ний өдөр 163,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ хөгжиж буй Ази дахь вакцинжуулалтын явц жигд бус хэвээр байгаа бөгөөд өндөр хөгжилтэй орнуудаас хоцорсоор байна. 2021 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар тус бүс нутгийн хүн амын 28.7% нь вакцинд бүрэн хамрагдсан байсан бол АНУ-д 51.8%, Европын Холбооны улс орнуудад 58.0% байсан.
Бүс нутаг дахь эдийн засгийн сэргэлт харилцан адилгүй байна. Зүүн Азийн хувьд дэлхийн эрэлт огцом нэмэгдсэнээр тус бүс нутгийн экспортыг нэмэгдүүлж, 4 дүгээр сард 7.4% байхаар төсөөлж байсан энэ оны эдийн засгийн өсөлтийг 7.6% болгон өсгөсөн байна. Харин Зүүн Азийн 2022 оны өсөлтийн төлөв 5.1% хэвээр байна. Бүс нутгийн хамгийн том эдийн засагтай Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл өөрчлөгдөөгүй бөгөөд 2021 онд 8.1%, 2022 онд 5.5% байна.
Армен, Азербайжан, Гүрж, Казахстан, Узбекистан улсын эдийн засгийн төлөв сайжирсан тул Төв Азийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг 4 дүгээр сард 3.4% байснаас 4.1% болж өсгөсөн байна. Тус дэд бүс нутгийн 2022 оны төлөвийг 4.0% байснаас 4.2% болгож нэмэгдүүллээ.
АХБ 4 дүгээр сард Өмнөд Азийн эдийн засгийн өсөлтийг энэ онд 9.5% байхаар төсөөлж байснаа бууруулж 8.8% болгосон байна. Харин 2022 оны төлөв 6.6%-иас 7.0% болж сайжирсан байна. Тус дэд бүс нутгийн хамгийн том эдийн засагтай Энэтхэг Улсын 2021 оны эдийн засгийн төсөөллийг 11.0% байснаас 10.0% болгож бууруулсан бол ирэх оны төлөвийг 7.0%-иас 7.5% болгон нэмэгдүүлжээ.
Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн бүс нутгийн орнууд вирусын шинэ хувилбаруудтай тэмцэж, хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тавигдсан хэвээр, мөн вакцинжуулалт удаашралтай байгаа тул тус дэд бүс нутгийн эдийн засгийн төсөөллийг бууруулсан байна. Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн 2021, 2022 оны өсөлтийн төсөөллийг 4 дүгээр сард 4.4%, 5.1% байхаар тус тус тооцоолж байснаас бууруулж 3.1%, 5.0% болгожээ. Номхон далайн эдийн засаг 4 дүгээр сарын тооцооллоор энэ жил 1.4%-иар өсөх таамагтай байсан бол эсрэгээрээ 0.6%-иар агшиж, 2022 онд 4.8%-иар өсөх төлөвтэй байна.
Хөгжиж буй Азийн инфляци энэ жил 2.2%, 2022 онд 2.7% байх төлөвтэй байна. Олон улсын зах зээлд түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа нь тус бүс нутгийн зарим эдийн засагт инфляцийг улам өдөөж болзошгүй юм.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.
SHARE THIS PAGE
Related
- Asian Development Outlook (ADO) 2021 Update: Transforming Agriculture in Asia
- Economic Forecasts: September 2021
- News: Transforming Agriculture Key to Asia and Pacific’s Future and Survival
- Video: COVID-19 Vaccines and Variants to Shape Developing Asia’s Growth Path
- Data Library: Vaccines, Variants, and Asia’s Uneven Recovery
- Asian Development Outlook (ADO) Series