МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2018 оны 9 дүгээр сарын 21) — Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирлуудын зөвлөл Монгол улсын татварын зохицуулалт, улсын хөрөнгө оруулалтын удирдлагыг мэдээлэл, харилцааны технологи (МХТ) ашиглан сайжруулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэхээр 25 сая ам.долларын зээлийн төслийг баталлаа.                                    

Монгол улсын эдийн засаг 1990-ээд оны сүүлээс эхлэн уламжлалт мал аж ахуйд тулгуурлахаа больж, уул уурхайн салбарт илүү түшиглэж эхэлснээр тус орны санхүү дэлхийн уул уурхай, эрдэсийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс ихээхэн хамааралтай болсон.

“Нэг талаас татварын оновчтой тогтолцоо, нөгөө талаас улсын хөрөнгө оруулалтын үр дүнтэй удирдлагыг хамтад нь бий болгосноор Монгол улс түүхий эдийн үнийн савалгааг даван туулах, нэн чухал дэд бүтцэд хөрөнгө оруулах их боломжтой болно” хэмээн АХБ-ны Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан санхүүгийн салбарын мэргэжилтэн Сун Мин Ли хэлээд “МХТ-ийг ашигласнаар төсвийг илүү үр ашигтай, ил тод болгож, үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадна” хэмээн онцлов.

Монгол улсын татварын өнөөгийн тогтолцоо бизнесийн үйл явцын талаас ихээхэн төлөвшсөн хэдий ч орон даяар үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагын хүрээнд ашиглагдаж буй МХТ-ийн системүүд нь хоорондоо нэгдмэл бус, үр ашиг муутай ажиллаж байна. Улсын хөрөнгө оруулалтын удирдлагын тогтолцоо мөн адил асуудалтай байгаа учир хөрөнгө оруулалтын зарим төслүүдийн хугацаа удаашрах, төсөв нь хэтрэх зэрэг үр дагаврууд гарсаар байгаа юм.

“Үр дүнтэй, ил тод хөрөнгө оруулалт, татварын тогтолцоог бий болгох МХТ-ийн системүүдийг бэхжүүлэх” төсөл нь татварын удирдлага, улсын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулах юм. Монголын татварын албанд мэдээллийн систем нэвтрүүлэн, түүнийгээ цааш нь авч явахад шаардлагатай сүлжээний дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах шийдлүүд, тооцоолол болон хадгалалтын дэд бүтэц зэрэг асуудлуудыг шийдвэрлэж өгснөөр татвар төлөлтийг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэгийг тус төслөөс үзүүлнэ. Энэхүү ажлын үр дүнд Засгийн газар одоо байгаа болон цаашид нэмэгдэх татвар төлөгчдийг тодорхойлох боломжтой болох юм.  

Мөн улс оронд хамгийн их үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын төслүүдийг сонгох, тэдгээрийг үр дүнтэй удирдахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор Төсвийн хөрөнгө оруулалтын газарт МХТ-д суурилсан улсын хөрөнгө оруулалтын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлж өгнө. Төрийн албан хаагчид, үүний дотор Монголын татварын алба болон Төсвийн хөрөнгө оруулалтын газрын ажилтнуудыг дээрх системийг ажиллуулах, цааш нь авч явах тал дээр сургалтанд хамруулна. 

Энэхүү төсөл нь Монгол улсын төрийн санхүүгийн ашиглалт, удирдлагын тогтолцоог бэхжүүлэхээр АХБ-наас тасралтгүй авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг хэсэг юм.  

АХБ нь нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоохыг зорин ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2017 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгожээ.

Media Contact