Хонконг, БНХАУ (2017 оны 2 дугаар сар 28) — Азийн хөгжлийн банк (АХБ)-ны “Азийн бүс нутгийн дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг хангах нь” тэргүүн тайлан нь тус бүс нутгийн эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо, усны эрүүл ахуй зэрэг дэд бүтцийн салбаруудын өнөөгийн хөрөнгө болон цаашдын хөрөнгө оруулалтын хэрэгцээ, тэдгээрийн санхүүгийн тогтолцоонд цогц дүн шинжилгээ хийж, нийтэлдэг.

Хөгжиж буй Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангахын тулд 2030 он хүртэл тус бүс нутагт жилд 1.5 их наяд буюу нийт 22.6 их наяд ам.долларын дэд бүтцийн бүтээн байгуулалт шаардлагатай талаар АХБ-ны тус тайланд дурджээ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах болон зохицуулах зардлыг оруулан тооцвол энэ нь жилийн 1.7 их наяд буюу нийт 26 их наяд гаруй ам.долларт хүрэхээр байна.

“Ази-Номхон далайн бүс нутгийн дэд бүтцийн эрэлт нь одоогийн нийлүүлэлтээсээ хол давсан байна. Чанарын стандартыг тогтоож, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэхийн зэрэгцээ дэлхий нийтийн санааг зовоож буй уур амьсгалын өөрчлөлтөд хариу үзүүлэх шинэ бөгөөд дэвшилтэт дэд бүтэц Ази тивд хэрэгтэй байна.” гэж АХБ-ны Ерөнхийлөгч Такэхико Накао хэлжээ.

Хэдийгээр сүүлийн 10 жилийн хугацаанд тус тайланд хамрагдсан 45 орны дэд бүтэц нь өсөлтийг идэвхжүүлэх, ядуурлыг бууруулах, хүн амын амьжиргааг дээшлүүлэх зэргээр асар хурдацтай хөгжсөн боловч 400 сая гаруй хүн тог цахилгаангүй, 300 сая гаруй хүн аюулгүй ундны ус хэрэглэх боломжгүй, 1.5 тэрбум орчим хүн эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй нөхцөлд амьдарч байгаа нь дэд бүтцийн хүртээмжийн томоохон дутагдал оршсоор байгааг илэрхийлж байна. Бүс нутгийн нэлээдгүй тооны улс орнуудыг дотоодын болон гадаадын томоохон зах зээлд үр ашигтайгаар хүргэх усан боомт, төмөр болон авто зам дутмаг байна.

“АХБ нь өөрийн 50 жилийн туршлага мэдлэгийг ашиглан бүс нутгийн дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө гишүүн орнуудтайгаа хамтран ажиллаж байна. Дэд бүтцийн хүртээмжийн дутагдлыг арилгахад хувийн хэвшлийн оролцоо нэн чухал тул төр хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хөгжүүлэхийг зорьсон бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, хөрөнгө оруулалтын таатай бодлогыг АХБ дэмжин ажиллах болно.” гэж Ерөнхийлөгч ноён Накао хэллээ.

Тайланд дурдагдсан онцлог баримтаас:

  • Хөгжиж буй Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ ядуурлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг арилгахын тулд 2016-2030 он хүртэл жилд 1.7 их наяд буюу нийт 26 их наяд гаруй ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн салбарт хийх шаардлагатай (Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багтаасан тооцоо). Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах болон зохицуулах зардлыг оруулалгүй тооцвол жилд 1.5 их наяд буюу нийт 22.6 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна (суурь судалгаа).
  • Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах болон зохицуулах зардлыг багтаан тооцсон нийт хөрөнгө оруулалтын 14.7 их наяд ам.доллар нь эрчим хүчний, 8.4 их наяд ам.доллар нь зам тээврийн салбарт 2016-2030 онд зарцуулагдана. Тус хугацаанд харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалтын шаардлага 2.3 их наяд ам.долларт хүрнэ гэж үзэж байгаа бол цэвэр болон бохир усны хөрөнгө оруулалт 800 тэрбум ам.доллар гэж тооцоолж байна.
  • 2030 он хүртэл уур амьсгалын өөрчлөлтийг тооцсон шаардлагатай хөрөнгө оруулалтын 61%-ийг Зүүн Азийн дэд бүс бүрдүүлнэ. Харин ДНБ-ий хувиар, Номхон далайн бүс нутаг тэргүүлж, нийт ДНБ-ий 9.1%-ийн хөрөнгө оруулалтыг шаардах бол Өмнөд Азийн бүс нутаг 8.8%, Төв Ази 7.8%, Зүүн Өмнөд Ази 5.7%, Зүүн Ази 5.2%-тайгаар тус тус удаалж байна.
  • Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зардлыг багтаасан жилийн 1.7 их наяд ам.долларын тооцоо нь 2009 онд АХБ-наас гаргасан 750 тэрбум ам.долларын тооцооноос даруй 2 дахин их байгаа юм. Ийнхүү өссөн дүнтэй гарсны томоохон шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зардлыг багтаасанд оршиж байна. Нөгөөтэйгүүр илүү чухал шалтгаан нь дэд бүтцийн шинэ хэрэгцээ шаардлагуудыг үүсгэж байгаа тус бүс нутгийн цаашид үргэлжлэх хурдацтай өсөлтийн төсөөлөл юм. Мөн энэ удаагийн судалгаанд 2009 оны 32 гишүүн оронтой харьцуулбал их 45 орныг хамруулсан, 2008 оны үнэ ханшийг биш 2015 үнэ ханшийг ашигласан зэрэг нь дээрх өсөлтийн тайлбар болно.
  • Өнөөдрийн байдлаар тус бүс нутгийн дэд бүтцийн салбарт жилд 881 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байна (бүс нутгийн хүн амын 96%-ийг хамарсан 25 орны тоо баримт). Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын дутагдал буюу нийт шаардлагатай хөрөнгө оруулалт болон өнөөгийн хөрөнгө оруулалтын хэмжээний ялгаа нь 2016-2020 он хүртэл 5 жилийн хугацаанд тооцоолж буй ДНБ-ий 2.4%-тай тэнцүү байна (Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг оруулсан тооцоо).
  • Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг оруулсан тооцоогоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) ДНБ-ий 1.2%-тай тэнцүү хэмжээний дутагдалтай байна. БНХАУ-ыг оруулахгүй тооцвол дутагдал нь ихсэж, үлдсэн 24 орны тооцоолж буй ДНБ-ий 5%-д хүрч байна. Төрийн санхүүжилтийн шинэчлэл нь эдгээр 24 орны эдийн засагт төсвийн нэмэлт орлогыг бий болгож тус дутагдлын 40%-ийг (буюу ДНБ-ий 2%-ийг) бүрдүүлэх боломжтой. Үлдсэн дутагдлыг (буюу ДНБ-ий 3%-ийг) хувийн хэвшлээр арилгуулахын тулд тус салбарын нийт хөрөнгө оруулалтыг 2016-2020 онд 63 тэрбум ам.доллароос 250 тэрбум ам.доллар хүртэл өсгөх шаардлагатай байна.
  • Дэд бүтэц рүү хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг татах, төр хувийн хэвшлийн түншлэлийн (ТХХТ) төслүүдийг дэмжихийн тулд бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг хийх хэрэгтэй болж байна. Улс орнууд ТХХТ-ийн хуулийг батлан мөрдөх, ТХХТ-ийн худалдан авалт болон тендерийн явцыг хялбарчлах, маргаан шийдвэрлэх механизмыг хэрэглэж эхлэх болон ТХХТ-ийн асуудал эрхэлсэн бие даасан нэгжийг бий болгох зэргээр ТХХТ-ийг дэмжсэн шинэчлэлийг хийх нь чухал юм. Хөрөнгийн зах зээлийг нэмэгдүүлэх нь тус бүс нутгийн хадгалагдсан нөөцийг үр дүнтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалт руу чиглүүлэхэд түлхэц үзүүлнэ.
  • Олон талт хөгжлийн банкууд (ОТХБ) нь хөгжиж буй Азийн бүс нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын 2.5%-ийг санхүүжүүлжээ. БНХАУ болон Энэтхэг улсыг оруулахгүй тооцвол ОТХБ-уудын хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 10%-аас давахаар байна. АХБ-ны өсөн нэмэгдэж буй хөрөнгө оруулалтын дийлэнх нь хувийн хэвшлийн дэд бүтцийн төслүүдэд чиглэгдэж байна. Санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна, АХБ нь өөрсдийн туршлага мэдлэгээс хуваалцан чанартай төсөл хөтөлбөрийг санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцсоор ирсэн. АХБ нь хөгжингүй, хор хөнөөлгүй технологийг төслийн хүрээнд хэрэглэн, үйл ажиллагааг нь хялбарчилж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын таатай бодлого болон бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг дэмжин ажиллаж байна.

Филиппин Улсын Манил хотноо төвтэй АХБ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчны хувьд даацтай тогтвортой өсөлт болон бүсийн интегралчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулах чиглэлээр тууштай ажилладаг. АХБ нь 1966 онд байгуулагдсан бөгөөд бүс нутаг дахь хөгжлийн түншлэлийн 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Нийт 67 гишүүн оронтой ба эдгээрийн 48 нь тухайн бүс нутагт оршдог юм.

Media Contact