ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2021 оны 5 дугаар сарын 5) — Хүртээмжтэй, тэсвэртэй, тогтвортой хөгжлийг ирээдүйд цогцлоохын төлөө доорх таван чиглэлд анхаарлаа хандуулснаар Ази, Номхон далайн бүс нутаг коронавирусийн (КОВИД-19) цар тахлын дараа өмнөхөөсөө ч илүү хүчирхэгжин сэргэх боломжтой хэмээн Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Захирагчдын зөвлөлийн 54 дэх удаагийн жилийн уулзалтын үеэр тус банкны Ерөнхийлөгч Масацугу Асакава хэллээ.

“Бидний туулж өнгөрүүлсэн замнал, тусламж дэмжлэг Ази, Номхон далайн бүс нутгийг энэхүү тодорхойгүй байдлаас гарахад тус болно гэж итгэж байна,” хэмээн ноён Асакава хэлээд, “АХБ санхүүгийн дэмжлэг, мэдлэгийн бүтээгдэхүүн, хамтын түншлэлийг хослуулан гишүүн орнуудтайгаа хамтран ажилласаар байх болно. Мөн тоо хэмжээнээс илүү чанарт анхаарч, ойрын хэрэгцээ шаардлагыг холын ирээдүй рүү харсан байдлаар шийдвэрлэх болно. Энэ чиглэлийг баримталж чадвал бүс нутаг маань одоогийн хямралын дараа урьд урьдынхаас ч илүү хүчирхэгжин сэргэх боломжтой” хэмээн тодруулав.

Ази, Номхон далайн бүс нутгийг урт хугацаандаа үр өгөөжтэй, эрх тэгш байдлаар сэргээхэд чухал ач холбогдолтой дараах таван асуудлыг ноён Асакава тодорхойлсон байна. Үүнд:

  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнүүдийг хөгжлийн гол цөм болгон авч үзэж, дасан зохицох чадвар, тэсвэртэй байдалд илүү анхаарал хандуулж, Парисын гэрээний зорилтуудыг биелүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах.
  • Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалалд хөрөнгө оруулах замаар цар тахлын үед улам дордоод буй жэндерийн болон бусад тэгш бус байдлыг арилгах.
  • Дижитал хэрэглээний ялгааг бууруулж, хувийн хэвшлийн томоохон хөрөнгө оруулалтуудыг татахын зэрэгцээ эдийн засгийг ухаалгаар сэргээх боломж олгох зорилгоор өндөр чанартай ногоон, дижитал дэд бүтцийг дэмжих.
  • Бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцчлалыг гүнзгийрүүлснээр АХБ-ны хөгжиж буй гишүүн орнууд шинэчлэгдсэн глобалчлалын боломжуудаас хүртэж, бүс нутгийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх боломжтой болох.
  • Засгийн газрууд тогтвортой өсөлтийг санхүүжүүлж, ирээдүйд тохиох хямралуудад үр дүнтэй хариу арга хэмжээ авахад хангалттай нөөцтэй байх үүднээс дотоодын нөөц бололцоогоо дайчлах.

АХБ-ны 2020 онд хэрэгжүүлсэн КОВИД-19-ийн хариу арга хэмжээнүүдэд тулгуурлан эдгээр тэргүүлэх чиглэлүүдийг дэмжих боломжтой. 2020 онд АХБ түүхэндээ хамгийн өндөр дүнтэй буюу нийт 31.6 тэрбум ам.долларын санхүүжилтийг баталсан бөгөөд үүний тал орчим нь цар тахлын үеийн хариу арга хэмжээнд зориулагдсан. Харин үлдсэн хэсэг нь жэндерийн тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, чанартай дэд бүтцийн хөрөнгө оруулалт зэрэг хөгжлийн урт хугацааны сорилтуудыг шийдвэрлэхэд зориулагдсан юм. АХБ түүхэндээ хамгийн өндөр дүнтэй 16.4 тэрбум ам.долларын хамтарсан санхүүжилт болон 35 гаруй тэрбум ам.долларын хөрөнгийн зах зээлийн санхүүжилтийг босгон эдгээр ажлуудад дэмжлэг үзүүлсэн.

“Хэзээ нэг өдөр өнгөрснийг эргэн дурсахдаа бид бүс нутгийн хүн ардын төлөө хийсэн зүйлээрээ бахархах болно гэж цар тахлын ид дэгдэлтийн үед ажилтнууддаа би хэлж байсан юм. Энэ үг үнэн гэдэгт би хэзээ хэзээнээс илүү итгэлтэй байна,” гэж ноён Асакава тэмдэглэв.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact