ЯПОН УЛС, ТОКИО ХОТ (2019 оны 9 дүгээр сарын 25) — Ази тивийн хөгжиж буй улс орнуудын эдийн засаг өсөлттэй хэвээр байх ч худалдаа, хөрөнгө оруулалт буурснаар бүс нутгийн эдийн засгийн эрсдэл нэмэгдэж, өсөлт сулрах төлөвтэй байна хэмээн Азийн хөгжлийн банк (АХБ)-ны эдийн засгийн голлох нийтлэл болох Азийн хөгжлийн төлөв тайлангийн шинэчилсэн дугаарт дурджээ.
Шинэчлэн танилцуулсан тайланд Ази тивийн хөгжиж буй 45 орны эдийн засаг энэ онд 5.4 хувиар, харин 2020 онд яльгүй нэмэгдэж 5.5 хувиар өснө хэмээн таамагласан байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ), Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын хооронд үүссэн худалдааны хурцадмал байдал даамжирснаас олон улсын худалдааны төлөв муудсан, мөн өндөр хөгжилтэй орнуудын болон БНХАУ, Энэтхэг улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд зэрэг Ази тивийн томоохон хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт удааширсан зэргээс шалтгаалж эдийн засгийн өсөлтийн төсөөллөө ийнхүү бууруулжээ.
Шинээр аж үйлдвэржсэн эдийн засгууд болох БНХАУ-ын Хонг Конг, Бүгд Найрамдах Солонгос Улс, Сингапур, БНХАУ-ын Тайпей зэрэг улсыг хасаж тооцвол Ази тивийн хөгжиж буй улс орнуудын эдийн засаг энэ жил болон ирэх жил тус тус 6.0% өсөх төлөвтэй байна.
“БНХАУ, АНУ-ын хоорондын худалдааны сөргөлдөөн 2020 оныг хүртэл үргэлжилж болох бөгөөд томоохон эдийн засгууд бидний төсөөлснөөс ч илүү хүнд байдалд орох магадлалтай байна. Худалдаа хумигдаж, хөрөнгө оруулалт буурч байгаа нь Ази тивийн хувьд санаа зовоож буй гол асуудал болж байна. Эдгээр асуудлуудыг шийдвэр гаргагчид сайтар хянаж байвал зохино” хэмээн АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюки Савада тэмдэглэлээ.
Хөгжиж буй Ази тивийг дэд бүсүүдээр авч үзвэл эдийн засгийн өсөлтийн төлөв өөр өөр байна. Олон улсын худалдаа саарч, электрон барааны эргэлт огцом удааширсан нь БНХАУ болон өөр бусад Зүүн болон Зүүн Өмнөд Азийн илүү нээлттэй эдийн засгуудын өсөлтийн төсөөллийг бууруулахад хүргэв. Азийн хөгжлийн төлөв 2019 шинэчилсэн тайланд БНХАУ-ын эдийн засаг энэ жил 6.2%, харин ирэх жил 6.0% өснө хэмээн төсөөлсөн. Зүүн Ази бүхлээрээ 2019 онд 5.5%, 2020 онд 5.4% өсөх төлөвтэй байгаа бол Зүүн Өмнөд Ази 2019 онд 4.5%, 2020 онд 4.7% өсөх таамагтай байна.
Энэ оны дөрөв, тавдугаар сард болсон сонгуулийн өмнө хөрөнгө оруулалт буурч, зээл хумигдсан нь Энэтхэг улсын 2019 оны эдийн засгийн өсөлтийн төлөвт сөргөөр нөлөөлж, 6.5 хувьд хүргэж бууруулсан бол 2020 онд бага зэрэг нэмэгдэж 7.2% болно хэмээн таамаглажээ. Өмнөд Азийн дэд бүс 2019 онд 6.2%, 2020 онд 6.7% өсөх төлөвтэй байна.
Казахстан, Узбекистан улсуудын засгийн газрын хэрэглээ нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж Төв Азийн эдийн засаг энэ онд 4.4%, ирэх онд 4.3% өсөх төлөвтэй байна. Харин газар хөдлөлтийн гамшгаас сэргэж буй Папуа Шинэ Гвиней бүс нутгийн өсөлтийг дээш нь татсанаар Номхон далайн дэд бүс энэ жил 4.2% өсөхөөр байгаа бол ирэх жил 2.6% болж буурахаар төсөөлөгдөж байна.
БНХАУ, АНУ-ын хоорондын худалдааны сөргөлдөөн хурцдаж, илүү өргөн хүрээг хамарч буй нь бүс нутгийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг дахин тодорхойлох магадлалтайг мөн тайланд дурдсан байна. БНХАУ-ын худалдааны чиглэл Вьетнам, Бангладеш зэрэг Азийн бусад хөгжиж буй орнууд руу шилжиж байгаа нь аль хэдийн ажиглагдаж эхэлжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт мөн үүнтэй ижил чиглэлтэй байгаа юм.
2008-2009 оны санхүүгийн хямралаас хойш Азийн хөгжиж буй улс орнуудын засгийн газар болон хувийн хэвшлийн зээлийн хэмжээ нэмэгдсэн бөгөөд сүүлийн хорин жилд улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны хоёрыг зээл эзлэх болсон. Энэхүү зээлийн хурдтай өсөлт нь санхүүгийн тогтвортой байдалд аюул учруулж болзошгүйг тус тайланд тэмдэглэсний зэрэгцээ шийдвэр гаргагчдыг сэрэмжтэй байхыг сануулсан байна.
Бүс нутагт хүнсний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор инфляци өссөн. Тухайлбал Африкт гарсан гахайн ханиад БНХАУ-ын махны үнэ өсөхөд нөлөөлсөн. Азийн хөгжлийн төлөв 2019 шинэчилсэн тайланд бүс нутгийн нийт инфляцийг 2019, 2020 онд тус тус 2.7% байна гэж төсөөлсөн байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.