МАНИЛА, ФИЛИППИН (2021 оны 8-р сарын 24) — Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал нь Ази, Номхон далайн орнуудад Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (ТХЗ)-ын тодорхой зорьсон түвшинг хангах хүчин чармайлтад эрсдэл учруулж байгаа тухай Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас гаргасан судалгааны шинэ тайланд дурджээ.
Өнөөдөр хэвлэгдсэн “Ази, Номхон далайн бүс нутгийн голлох үзүүлэлтүүд-2021” тайланд дурдсанаар өнгөрсөн онд хөгжиж буй Азийн орнуудад1 75-80 сая хүн цар тахлын улмаас ядуурч, нэн ядуу гэсэн ангилалд орсон байна. Гэхдээ цар тахлын нөлөөгөөр тэгш бус байдал нэмэгдсэнийг харгалзан үзвэл өдрийн 1.90 ам.доллараас бага орлоготой гэсэн хэмжүүрээр тодорхойлдог нэн ядуу ангилалд орсон хүний тоо үүнээс ч их байх магадлалтай юм. Өнгөрсөн хугацаанд бүс нутгийн хэмжээнд өлсгөлөнтэй тэмцэх, эрүүл мэнд болон боловсрол зэрэг салбарт жигд бус ч тодорхой ахиц дэвшлүүд гарч байлаа. Гэвч эдгээр нь цар тахлын улмаас зогсонги байдалд ороод байна.
“Голлох үзүүлэлтүүд” тайланд АХБ-ны 49 гишүүн орны эдийн засаг, санхүү, нийгэм болон байгаль орчны цогц статистик үзүүлэлтийг тусгасан. Энэхүү тайланд дурдсанаар, 2017 оны байдлаар хөгжиж буй Азийн нийт хүн амын 5.2 хувь буюу 203 сая орчим хүн нэн ядууралд өртсөн байв. Хэрэв КОВИД-19 цар тахал гараагүй байсан бол энэ хувь хэмжээ 2020 онд 2.6 хувь болж буурах боломжтой байжээ.
“Ази, Номхон далайн орнууд ТХЗ-д хүрэх чиглэлд гайхалтай ахиц гаргасан боловч бүс нутгийн тогтвортой өсөлт, хүртээмжтэй хөгжлийг сулруулж болзошгүй нийгэм, эдийн засгийн суурь эмзэг байдал, сул талуудыг КОВИД-19 ил болгосон” гэж АХБ-ны ерөнхий эдийн засагч Ясуюки Савада хэлээд “Тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэхийн тулд шийдвэр гаргагчдад мэдээллийн чанарын болон цаг хугацааны ач холбогдлын шаардлагыг тус тус бүрэн хангасан тоон мэдээлэл зайлшгүй чухал болно. Ингэснээр уг мэдээлэлд тулгуурласан бодлого, арга хэмжээний үр дүнд бий болох эдийн засгийн өсөлт, сэргэлт нь хэнийг ч, ялангуяа ядуу, эмзэг бүлгийн иргэдийг орхигдуулахгүй байх нөхцөлийг хангах учиртай” хэмээн онцлон тэмдэглэв.
Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг сүүлийн жилүүдэд маш хурдацтай өссөн бөгөөд 2019 оны нэрлэсэн үнээр тооцоход дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 35 гаруй хувийг бүрдүүлсэн байна. Гэвч цар тахлын нөлөөгөөр дотоодын хөрөнгө оруулалт буурах, дэлхий дахинд гадаад худалдаа агших, эдийн засгийн идэвхжил удаашрах зэрэг сөрөг үр дагаврууд үүсч, эдгээр нь бүс нутгийн орнуудад сорилт бэрхшээл болж байна. Энэхүү тайланд мэдээлэл нь тусгагдсан Ази, Номхон далайн дөрвөн улс тутмын зөвхөн нэг нь өнгөрсөн онд эдийн засгийн өсөлттэй гарсан байна. Хөдөлгөөн хязгаарлах, хөл хорио тогтоох арга хэмжээний улмаас бүс нутгийн хэмжээнд нийт ажлын цагийн 8 орчим хувийг алдсан нь бага орлоготой болон ядуу өрхүүд, мөн албан бус секторт ажиллагсдад үлэмж сөрөг нөлөө үзүүлжээ.
Бидний орчин үеийн амьдралд цахим эдийн засгийн гүйцэтгэх үүрэг, оролцоо улам бүр өсөн нэмэгдэж байна. Энэ нь КОВИД-19 цар тахлын үед бүр ч илүү тод ажиглагдсан. Иймд, “Голлох үзүүлэлтүүд” тайланд цахим эдийн засаг, түүний үүрэг, оролцоог хэмжиж тодорхойлох практик асуудлуудыг тусгай нэмэлт бүлэг болгон оруулсан байна.
Энэхүү тайлан мөн дараах чухал асуудлыг багтаасан болно. Үүнд:
- Ази, Номхон далайн бүс нутгийн ТХЗ-ын үзүүлэлтүүдийн түвшин;
- Хүмүүс; Эдийн засаг ба үйлдвэрлэлийн гарц; Мөнгө, санхүү ба үнэ; Даяаршил; Тээвэр ба харилцаа холбоо; Эрчим хүч ба цахилгаан; Байгаль орчин; Засгийн газар ба засаглал гэсэн нийт найман сэдэвт хуваасан үзүүлэлтийг хамрах бүс нутгийн чиг хандлага ба харьцуулалт;
- Дэлхийн нэмүү үнэ цэнийн сүлжээнд цар тахлын үзүүлсэн нөлөөллийн шинжилгээ, түүний дотор хямрал цочролыг өдөөх буюу намжаахад үнэ цэнийн сүлжээний гүйцэтгэх үүргийн талаарх дүн шинжилгээ;
- Азийн бүс нутагт оршдог, АХБ-ны 49 гишүүн орон тус бүрийн шинэчилсэн үзүүлэлтийн хүснэгт.
АХБ-наас энэ удаагийн тайлангаа танилцуулахын зэрэгцээ 2000 оноос хойшхи статистик мэдээллийг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, ашиглахад хялбар болгон сайжруулж, “Голлох үзүүлэлтүүдийн мэдээллийн сан”-г шинэчилсэн байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.
1 “Гол үзүүлэлтүүд-2021” тайланд мэдээлэл нь тусгагдсан АХБ-ны хөгжиж буй 35 гишүүн орныг хамруулсан тооцоолол болно.