ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2020 оны 12 дугаар сарын 10) — Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас өнөөдөр нийтэлсэн тайланд Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд 0.4 хувиар агших хэдий ч, 2021 онд коронавируст (КОВИД-19) цар тахлын нөлөөнөөс сэргэж эхэлснээр 6.8 хувиар өснө гэж төсөөлжээ.

АХБ-ны нэмэлт товч тайланд дурдсан энэхүү төсөөлөл нь 9 дүгээр сард тус банкнаас танилцуулсан Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв 2020 тайланд туссан дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 0.7 хувийн агшилтын төсөөллөөс ялимгүй дээрдсэн үзүүлэлт юм. Харин 2021 оны өсөлтийн төлөвт өөрчлөлт ороогүй байна. Гэвч бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хандлага харилцан адилгүй дүр зурагтай байгаа бөгөөд 2020 онд Зүүн Азийн бүс нутгийн эдийн засаг өсөх төлөвтэй байгаа бол бусад дэд бүсийн эдийн засаг агших хүлээлттэй байна.

“Хөгжиж буй Азийн эдийн засгийн төлөв сайжирч, эерэг үзүүлэлтүүд ажиглагдаж байна. Бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) болон Энэтхэг Улсын өсөлтийн төсөөлөл өмнөхөөс сайжирсан” гэж АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюки Савада хэлээд “Цар тахал үргэлжилж, нөлөөлөл нь даамжирвал эдийн засагт гол эрсдэлийг дагуулна. Гэхдээ вакцин хөгжүүлэлттэй холбоотой сүүлийн үед гарсан ахиц дэвшил нь энэхүү эрсдэлийг бууруулахад эергээр нөлөөлж байна. Хөгжиж буй орнуудад вакциныг аюулгүй, үр дүнтэй, цаг алдалгүй хүргэх нь бүс нутгийн эдийн засгийг дахин нээж, өсөлтийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэх болно” хэмээн онцлон тэмдэглэв.

Цар тахлаас үүдэлтэй хатуу хөл хорио, хязгаарлалтыг бүс нутгийн хэмжээнд янз бүрийн түвшинд зөөлрүүлснээр барааны экспорт оны хоёрдугаар улирлын огцом уналтаас эргээд хурдацтай сэргэж эхэлсэн. Сүүлийн саруудад КОВИД-19-ийн тархалтыг хязгаарлан, халдвараас сэргийлж чадсанаар Зүүн Ази, Номхон далайн орнуудад зорчих хөдөлгөөн КОВИД-19-ийн өмнөх түвшинд дөхөж иржээ. Гэвч аялал жуулчлалын салбарын сэргэлт хойшлогдох магадлалтай байна.

Хөгжиж буй Азийн ихэнх дэд бүсийн эдийн засаг энэ онд агших төлөвтэй байна. Харин БНХАУ болон Тайванийн эдийн засгийн сэргэлтийн хурд хүлээлтээс давсантай уялдан Зүүн Азийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 2020 онд 1.6% болж нэмэгдлээ. 2021 онд Зүүн Азийн эдийн засаг 7.0 хувиар өсөхөөр байна.

Өмнөд Азийн ДНБ-ий 2020 оны агшилтыг 9 дүгээр сард 6.8% гэж төсөөлснийг 6.1% болгож өөрчлөв. Харин 2021 онд тус дэд бүсийн эдийн засгийн өсөлт 7.2% болж сэргэх төлөвтэй байна. Дэд бүсийн хамгийн том эдийн засаг болох Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийг 2020 онд -9.0 хувиар буурахаар 9 дүгээр сард төсөөлж байсныг ялимгүй өөрчилж -8.0% болгосон бол 2021 оны өсөлтийн төсөөллийг 8.0% хэвээр үлдээсэн байна.   

КОВИД-19 цар тахлын дэгдэлт, түүнийг тогтоон барих арга хэмжээ Зүүн Өмнөд Азид, ялангуяа Индонез, Малайз, Филиппин улсад үргэлжилсээр байгаа тул эдийн засагт нь дарамт учруулсаар байна. Үүнтэй уялдан дэд бүсийн эдийн засгийг 2020 онд -3.8 хувиар агшихаар 9 дүгээр сард төсөөлснийг бууруулж -4.4% болгожээ. 2021 оны төсөөллийг мөн 5.5 хувиас бага зэрэг бууруулж 5.2% болгосон байна.   

Номхон далайн дэд бүс нутгийн өсөлтийн төлөвийг 9 сард танилцуулсны дагуу 2020 онд 6.1 хувийн агшилт, 2021 онд 1.3 хувийн өсөлттэй байхаар хэвээр үлдээжээ. Төв Азийн эдийн засгийг 2020 онд -2.1 хувиар агшихаар төсөөлснийг хэвээр үлдээж, харин 2021 оны 3.9%-ийн өсөлтийн төсөөллийг ялимгүй бууруулж 3.8% болгожээ.

Эрэлт огцом унаж, газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор хөгжиж буй Азийн бүс нутгийн инфляцийн түвшинг 2020 онд 2.8% байхаар төсөөлсөн нь 9 дүгээр сард танилцуулсан 2.9 хувиас ялимгүй доогуур байна. 2021 оны инфляцийн төсөөллийг ч мөн өмнөх 2.3 хувиас бууруулж 1.9% болгожээ. Нэг баррель газрын тосны үнэ 2020 онд 42.50 ам.доллар байх бол 2021 онд 50.00 ам.доллар болж өсөхөөр байна.

АХБ жил бүрийн 4 дүгээр сард эдийн засгийн үндсэн нийтлэл болох Азийн хөгжлийн төлөв тайлангаа танилцуулдаг бөгөөд 9 дүгээр сард шинэчлэн танилцуулдаг. Түүнчлэн нэмэлт товч тайланг 7 болон 12 дугаар сард нийтэлдэг. Азийн хөгжиж буй орнууд гэдэгт АХБ-ны хөгжиж буй 46 гишүүн орныг хамруулж ойлгодог.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact