ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2021 оны 4 дүгээр сарын 28) — Коронавирусийн өвчлөл (КОВИД-19)-ийн эсрэг вакцинжуулалт эхэлж, дэлхий даяар хүнд байдлаас эргэн сэргэж буйн нөлөөгөөр Ази тивийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд 7.3%-иар өсөх төлөвтэй гэж Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны шинэ тайланд дурджээ.
АХБ-наас өнөөдөр танилцуулсан “Азийн хөгжлийн төлөв (АХТ) 2021” тайланд өгүүлснээр бүс нутгийн эдийн засаг энэ онд өнгөрсөн оны 0.2%-ийн агшилтаас эргэн сэргэх бөгөөд 2022 онд уг өсөлт 5.3% орчимд тогтворжих төлөвтэй байна. Хонгконг, Бүгд Найрамдах Солонгос Улс, Сингапур, Тайвань зэрэг шинээр аж үйлдвэржсэн орнуудыг оруулахгүйгээр тооцвол хөгжиж буй Азийн эдийн засаг 2021 онд 7.7%-иар, 2022 онд 5.6%-иар өсөх хүлээлттэй байна.
“Ази тивийн хөгжиж буй орнуудын эдийн засаг сэргэж эхэлсэн ч, КОВИД-19 цар тахлын халдварын дэгдэлт дахин гарч, хорио цээрийн арга хэмжээ үргэлжилж байгаа нь эдийн засгийн өсөлтөд эрсдэл учруулахаар байна” хэмээн АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюки Савада хэлээд, “Бүс нутгийн улс орнуудын эдийн засгийн төлөв хандлага нь өөр хоорондоо нэлээд ялгаатай дүр зурагтай байна. Тухайн орнуудын эдийн засгийн өсөлт ямар байх нь цар тахлын дотоод дахь халдварын тархалт, түүний эсрэг арга хэмжээ, вакцинжуулалтын хурд, дэлхийн эдийн засгийн сэргэлтээс ямар хэмжээний эерэг нөлөө бий болох зэргээс хамаарна” гэдгийг онцлов.
Аж үйлдвэрлэл сэргэж, дэлхийн эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжихтэй зэрэгцээд экспорт өсөн нэмэгдэж байгаа нь Азийн хөгжиж буй зарим орнуудын эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц өгч байна. КОВИД-19-ийн вакцины үйлдвэрлэл, нийлүүлэлтэд ахиц гарч байгаа нь үүнд эергээр нөлөөлж байгаа хэдий ч, вакцинжуулалт удаашрах, халдвар шинээр огцом нэмэгдэх, түүнээс шалтгаалж хорио цээрийн хатуу арга хэмжээ авах зэрэг өсөлтийг хойш татах эрсдэл бий тул бүс нутгийн эдийн засгийн хамгийн том эрсдэл нь цар тахал хэвээр байна. Үүнээс гадна геополитикийн зөрчил маргаан хурцдах, үйлдвэрлэл саатах, санхүүжилтийн нөхцөл чангарахтай уялдан санхүүгийн салбарт тогтворгүй байдал үүсэх, сургууль завсардалтаас болж боловсролын хоцрогдол буюу мэдлэгийн алдагдал үүсэх зэрэг урт хугацааны сөрөг үр дагавар бүхий эрсдэлүүд бий.
Азийн ихэнх хөгжиж буй улс орнуудад 2021, 2022 онд харьцангуй эрүүл өсөлт ажиглагдаж байна. Төв Азийн орнуудын эдийн засаг энэ онд 3.4%, ирэх онд 4.0% өсөх төлөвтэй байгаа. Гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засаг өнгөрсөн оны 4.0%-ийн агшилтаас сэргэж, энэ онд 4.4%, ирэх онд 5.1%-иар өсөхөөр байна. Дэлхий даяар зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж, аялал жуулчлалын салбар огцом уналтад орсонтой холбоотойгоор эдийн засгийн хямралд орсон Номхон далайн орнуудын нөхцөл байдал арай дээрдэж, энэ онд 1.4%, ирэх онд 3.8%-иар өсөх төлөвтэй байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын тухайд экспортын өсөлт хадгалагдахаас гадна хувийн хэрэглээ аажмаар сэргэж байгаа нь энэ оны эдийн засгийн үйл ажиллагааг дэмжинэ. Ингэснээр БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2021 онд 8.1%, 2022 онд 5.5%-иар өсөх төсөөлөлтэй байгаа юм. Харин Зүүн Азийн эдийн засаг 2021 онд 7.4%, 2022 онд 5.1%-иар өсөхөөр байна.
Вакцинжуулалтын эерэг нөлөөгөөр Энэтхэг Улсын эдийн засаг 2022 оны 3 дугаар сарын 31-нээр эцэслэх 2021 оны санхүүгийн жилд 11.0%-иар өсөх хандлагатай байна. Гэвч сүүлийн үед КОВИД-19-ийн халдварын тохиолдол тус улсад огцом нэмэгдэж байгаа нь энэхүү сэргэлтэд эрсдэл учруулж болзошгүй. Энэтхэгийн ДНБ 2022 оны санхүүгийн жилд 7.0% тэлэх төлөвтэй байна. Харин 2020 онд 6.0% агшсан Өмнөд Азийн ДНБ энэ онд 9.5%-иар өсч хурдацтай сэргэх бол ирэх онд өсөлт нь 6.6%-д тогтворжих хүлээлттэй байна.
Энэтхэг, БНХАУ-д хүнсний бүтээгдэхүүний үнийн дарамт буурснаар Азийн хөгжиж буй орнуудын инфляцийн түвшин 2021 онд дунджаар 2.3% болж өнгөрсөн оны 2.8%-иас буурах бол 2022 онд 2.7% болж нэмэгдэхээр байгаа юм.
Азийн хөгжиж буй орнуудад цар тахлын улмаас сургуулиудыг хааснаас болж үүссэн гарз хохирлыг тооцсон судалгааг энэхүү тайланд мөн оруулсан. Цар тахлын үед улс орнууд зайнаас хичээллэж байгаа ч, маш олон хүүхэд компьютергүй, интернетэд холбогдоогүй байгаа учир энэ нь хангалттай үр дүнтэй байж чадахгүй байна. Энэ нь хүүхдүүдийн эзэмших ёстой байсан мэдлэг, ур чадварт нөлөөлж, яваандаа тэдний хөдөлмөрийн бүтээмж, ажилд орсны дараах орлогод нь сөргөөр нөлөөлнө. Цар тахлын үед сургуулиудыг гол төлөв нээлттэй байлгасан Номхон далайн орнуудад боловсролын алдагдлын хувь хэмжээ жилд 8.0% орчим байгаа бол сургуулиудыг хамгийн удаан хугацаанд хаасан Өмнөд Азид 55% байна. Сурагчдын ирээдүйд алдах орлогын хэмжээг Азийн хөгжиж буй орнуудын түвшинд өнөөгийн үнэ цэнээр тооцоход дунджаар 1.25 их наяд ам.доллар байгаа нь 2020 оны бүс нутгийн нийт ДНБ-ий 5.4%-тай тэнцэж байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.