ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2020 оны 9-р сарын 15) — Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны өнөөдөр танилцуулсан шинэ тайланд дурдсанаар хөгжиж буй Азийн эдийн засаг COVID-19 цар тахлын нөлөөгөөр сүүлийн 60 орчим жилийн хугацаанд анх удаа агших төсөөлөлтэй байна. Харин 2021 онд цар тахлын нөлөөлөл сарних хүлээлттэй уялдан бүс нутгийн эдийн засаг сэргэх төлөвтэй байгаа болно. 

Азийн Хөгжлийн Төлөв (АХТ) 2020 тайлангийн Шинэчилсэн төсөөлөлд дурдсанаар хөгжиж буй Азийн эдийн засгийн өсөлт энэ онд -0.7% болж агшихаар байна. Энэ нь 1960-аад оны эхэн үеэс хойш эдийн засаг агшиж буй анхны тохиолдол юм. Харин суурь үеийн нөлөөгөөр 2021 онд эдийн засагт мэдэгдэхүйц өсөлт гарч 6.8%-д хүрэх төлөвтэй. Гэвч ирэх оны ДНБ нь цар тахлын өмнөх үеийн төсөөллөөс доогуур байх бөгөөд эдийн засгийн сэргэлтийн хэлбэр нь “V” хэлбэртэй бус, харин “L” хэлбэрийн өсөлт ажиглагдана гэж үзэж байна. Бүс нутгийн эдийн засгийн агшилт 2020 онд ойролцоогоор 3 улирал дараалан үргэлжлэх төлөвтэй боллоо.

“Ази, Номхон далайн бүс нутгийн ихэнх улс орнууд 2020 оны туршид эдийн засгийн маш хүнд үеийг даван туулж байна” гэж АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюуки Савада мэдэгдээд “COVID-19 цар тахлын эдийн засаг дахь сөрөг үр дагавар үлэмж их бөгөөд цар тахлын эхний үе шатны давалгаа улам сунжирч, түүний эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүд удаа дараа давтагдах боллоо. Ийм хүнд хэцүү үед ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах, цар тахлын дараа бизнесийн үйл ажиллагааг эргэж сэргээх, ажил, үйлчилгээг ямар нэг аюулгүйгээр дахин эхлүүлэхийг гол зорилт болгосон, харилцан уялдаатай, өөр хоорондоо нягт нийцсэн оновчтой бодлогуудыг үе шаттай хэрэгжүүлэх нь туйлын чухал хэвээр байна. Энэ нь цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн сэргэлт илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй байх суурь нөхцөл мөн” хэмээн онцлон тэмдэглэв.

COVID-19 цар тахлын тархалт зогсохгүй байх, сөрөг нөлөө нь арилахгүй удах нь бүс нутгийн эдийн засгийн 2020-2021 оны төсөөллийг муутгах хамгийн том эрсдэл юм. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд бүс нутгийн хэмжээнд Засгийн газрууд маш өргөн далайцтай багц бодлогууд, тухайлбал иргэдийн орлогод дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч байна. Эдгээр багц бодлогын нийт санхүүжилтийн хэмжээ 3.6 их наяд ам.доллар буюу бүс нутгийн ДНБ-ий 15%-тай тэнцэх хэмжээнд хүрч нэмэгдээд байна.  

Түүнчлэн АНУ болон БНХАУ хоорондын худалдаа, технологийн салбар дахь сөргөлдөөн илүү хурцдах, цар тахлын улмаас дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд санхүүгийн салбарын эмзэг байдал нэмэгдэх зэрэг нь төсөөллийг муутгаж болзошгүй эрсдэлүүд юм.

БНХАУ нь бүс нутгийн улс орнууд дотор эдийн засгийн агшилтгүй гарах төсөөлөлтэй цөөн орны нэг юм. Хэдийгээр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2020 онд 1.8% болж огцом саарахаар хүлээгдэж байгаа ч, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг маш амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд 2021 онд эдийн засгийн өсөлт 7.7% болж сэргэх төлөвтэй байна. Харин БНЭУ-ын тухайд цар тахлын сөрөг нөлөө, хатуу хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээний улмаас хувийн хэрэглээ, бизнесийн хөрөнгө оруулалт, зарцуулалт огцом буурч ДНБ энэ оны 1-р улиралд түүхэнд байгаагүйгээр буюу 23.9%-иар агшсан юм. Цаашид 2020 оны эцэс гэхэд БНЭУ-ын эдийн засаг 9.0%-иар агших, харин 2021 онд 8.0%-иар өсөх төсөөлөлтэй байна.   

Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2020 онд 1.3% болж огцом саарах, 2021 онд 7.0%-иар өсөх төлөвтэй байна. Харин Азийн бусад дэд бүс нутагт хамаарах эдийн засгууд бүгд 2020 онд агших төсөөлөлтэй байгаа болно. Ялангуяа гадаад худалдаа, аялал жуулчлалаас өндөр хамааралтай Номхон далай, Өмнөд Азийн дэд бүс нутгийн эдийн засгийн агшилтууд 2020 онд хоёр оронтой тоогоор хэмжигдэж байна. Шинэчилсэн төсөөллөөр Күүкийн арлууд, Микронезийн Холбооны Улс, Маршаллын арлууд, Палау, Самоа болон Тонга улсаас бусад хөгжиж буй Азийн орнуудын эдийн засагт 2021 онд сэргэлт бий болно гэж үзэж байна.  

Хөгжиж буй Азийн бүс нутагт 2020 оны инфляцийн дундаж түвшинг 4-р сард хийсэн төсөөллөөр 3.2% гэж тооцож байсан бол шинэчилсэн төсөөллөөр 2.9% болгож буурууллаа. Энэ нь нийт эрэлт буурсан болон газрын тосны үнэ нам түвшиндээ тогтвортой байгаатай холбоотой. Инфляци бүс нутгийн хэмжээнд 2021 онд 2.3% болж үргэлжлэн буурахаар хүлээгдэж байна.

АХТ 2020 шинэчилсэн тайлан нь “Бэрх цаг үед энх тунх байдал, эрхэм сайныг хадгалах нь” гарчигтай тусгай сэдэвчилсэн бүлгийг агуулсан ба энэ нь иргэд, нийгэм COVID-19 цар тахлын бэрхшээлийг бие махбодийн болон оюун санааны хувьд хэрхэн хохирол багатай даван туулах, ийм хүнд бэрх үед энх тунх байдал, эрхэм сайныг хадгалах нь цар тахлын дараах сэргэлтэд ямар чухал болохыг нарийвчлан судалж, үр дүнг дэлгэрэнгүй өгүүлсэн. Түүнчлэн хэрэв энх тунх байдлыг хангаж, эрхэм сайн бүхнийг хадгалж хамгаалах чиглэлд бүс нутгийн хэмжээнд Засгийн газрууд зөв зохистой бодлого хэрэгжүүлэн, энх тунх байдлыг үргэлж эрхэмлэдэг Азийн бүс нутгийн баялаг уламжлалыг түшиглэж чадвал энэ нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, өсөлтийг илүү хүртээмжтэй болгох гол хөдөлгөгч хүч болно гэдгийг энэхүү бүлэгт тайлбарласан болно.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт хэт ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact