БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС, ХОНГ КОНГ (2018 оны 4 дүгээр сарын 11) - Экспортын хэмжээ өндөр, дотоодын эрэлт эрс нэмэгдсэнээс Азийн хөгжиж буй дийлэнх орны эдийн засаг өслөө гэж Азийн хөгжлийн банк (АХБ)-ны шинэ тайланд дурджээ.
Шинэхэн гарсан Азийн хөгжлийн төлөв 2018 тайландаа АХБ Ази-Номхон далайн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлтийг 2018 онд 6.0 хувь, 2019 онд 5.9 хувь болно гэж таамагласан нь 2017 оны 6.1 хувийн өсөлтөөс ялимгүй бага үзүүлэлт юм. Шинээр аж үйлдвэржсэн өндөр орлоготой орнуудыг хасаж үзвэл, 2017 онд 6.6 хувь байсан уг үзүүлэлт 2018 онд 6.5 хувь, 2019 онд 6.4 хувь болно гэж тооцоолжээ. Азийн хөгжлийн төлөв нь АХБ-наас жил бүр эрхлэн гардаг онцлох эдийн засгийн тайлан юм.
“Зөв бодлого хэрэгжүүлж, экспорт нэмэгдэж, дотоодын эрэлт өндөр хэвээр байх нөхцөлд Азийн хөгжиж буй орнууд одоогийн өсөлтийн чиг хандлагаа хадгалж чадна” гэж АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюки Савада хэлээд “Бүс нутгийн худалдааны хэлхээ холбоо сайжирч, санхүүгийн нөөц давхарга нэмэгдсэнээр олон улсын худалдаанд хурцадмал байдал үүсэх, хөрөнгө гадагшлах гэх мэт гадаад шок, эрсдэлийг даван туулах чадвартай болсон” хэмээн тэмдэглэв.
Аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн сэргэлт үргэлжилж, АНУ, евро бүс, Япон зэрэг улсуудын өсөлт нийлээд 2018 онд 2.3 хувь хүрэх боловч 2019 онд өсөлтийн эрч нь бага зэрэг саарч 2.0 хувь болох төлөвтэй байна. Саяхан татварын хэмжээг бууруулсан нь АНУ-ын өсөлтийг дэмжиж өгөх бол мөнгөний хатуу бодлогыг аажмаар хэрэгжүүлснээр Холбооны нөөцийн банк инфляцийг зохих хэмжээнд байлгах ажээ. Харин евро бүс, Япон Улсын хувьд бизнесийн итгэл сайжирч, мөнгөний зөөлөн бодлого хэрэгжсэнээр өсөлт нэмэгдэнэ гэж үзсэн байна.
БНХАУ-ын үйлчилгээний салбар 2017 онд 8 хувиар өссөн нь эдийн засгийн өсөлт үргэлжлэхэд шууд нөлөөлж, 2017 онд 6.9 хувийн өсөлттэй байсан тус улсын эдийн засаг 2018 онд 6.6 хувь, 2019 онд 6.4 хувиар өсөх төлөвтэй байна. Эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дотоод, гадаадын эрэлт өндөр байгаа нь тус улсын ДНБ-ий өсөлтийг ханган, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бүрдүүлэх суурийг бий болгож байна.
Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг болох Энэтхэгийн эдийн засаг сэргэсэнтэй холбоотойгоор тус бүс нутгийн өсөлт дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна. Энэтхэгийн ДНБ-ий өсөлтийг 2017 оны төсвийн жилд 6.6 хувь байна гэж тооцсон бол, 2018 оны төсвийн жилд 7.3 хувь, 2019 оны төсвийн жилд 7.6 хувь болно гэж төсөөлжээ. Том дүнтэй мөнгөн дэвсгэртийг хүчингүй болгосны үр нөлөө сарниж, бараа, үйлчилгээний татварыг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2019 он хүртэл хүчтэй байх ажээ.
Дэлхийн худалдаа нэмэгдэх, түүхий эдийн үнэ өсөх зэрэг хүчин зүйлсийн ач тусыг Зүүн Өмнөд Азийн орнууд хүртсээр байна. Уг дэд бүсийн өсөлт 2017 онд 5.2 хувь байсан бол 2018, 2019 онуудад энэ эрчээ хадгална гэж үзжээ. Хөрөнгө оруулалт их, дотоод хэрэглээ өндөр байх нь Индонез, Филиппин, Тайланд зэрэг орнуудын өсөлтийн хурдыг нэмэгдүүлэх бол аж үйлдвэрлэлийн суурь нэмэгдэх нь Вьетнам Улсын өсөлтийг дэмжиж өгөх аж.
Төв Азийн орнуудын эдийн засгийн өсөлт 2018 онд 4.0 хувь, 2019 онд 4.2 хувьтай гарна гэж үзсэн нь түүхий эдийн үнэ өсөх төлөвтэй байгаатай холбоотой юм. Харин Номхон далайн орнуудын ДНБ дараагийн хоёр жилд 2.2 болон 3.0 хувиар өсөхөд тус бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Папуа Шинэ Гвиней газар хөдлөлтийн улмаас тасалдсан байсан байгалийн хийн олборлолтоо хэвийн болгох явдал голлох нөлөө үзүүлэх ажээ.
Азийн орнуудын хэрэглээ, мөн түүхий эдийн үнэ өсөх нь тухайн бүс нутгийн инфляци нэмэгдэхэд нөлөөлнө. Бүс нутгийн хэрэглээний үнийн индекс 2017 онд 2.3 хувь байсан бол нэмэгдэж 2018, 2019 онуудад 2.9 хувьтай гарна гэж тооцоолж байна. Гэхдээ энэ нь бүс нутгийн 10 жилийн дундаж үзүүлэлт болох 3.7 хувиас доогуур байгаа юм.
Худалдааны хурцадмал байдал газар авах вий гэсэн айдас голлосноор эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдүүд давамгайлж байна. АНУ-ын зүгээс зарим бараа бүтээгдэхүүний тарифт өөрчлөлт оруулсан нь худалдаанд том нөлөө үзүүлж амжаагүй байгаа хэдий ч, тус улсын зүгээс дахин ийм алхам хийж, бусад улсууд хариу арга хэмжээ авч эхэлбэл Ази, Номхон далайн бүсийн бизнесийн болон хэрэглэгчийн хүлээлтэд сөрөг нөлөө үзүүлнэ. АНУ-ын хүүний түвшин өндөр тогтох нь хөрөнгө гадагшлах эрсдэл бүрдүүлж буй ч бүс нутагт хөрөнгийн олдоц хангалттай хэмжээнд байгаа тул уг эрсдэл төдийлөн сөрөг нөлөө үзүүлэхгүй байх магадлалтай. Азийн дийлэнх орнууд дээрх эрсдэлийг давах туулах чадвар, боломж сайтай байгаа нь сайн хэрэг юм.
Хувийн хэвшлийн өр өсөн нэмэгдэж байгаа нь Азийн зарим орнуудын хувьд хүндрэлтэй асуудал хэвээр байна. Их хэмжээгээр зээл авах нь зөвхөн богино хугацаанд эдийн засагт эерэг үр нөлөө үзүүлдгийг Азийн хөгжлийн төлөв тайланг гаргахад зориулан АХБ-наас хийсэн судалгаанаас харж болно. Дэлхийн санхүүгийн хямралаас хойш Азийн хөгжиж буй орнуудад хувийн хэвшлийн өр их хэмжээгээр нэмэгдсэн. Гэхдээ эерэг үр дүн төдийлөн гарахгүй байгаагаас үзэхэд нэмэлт зээлийн санхүүжилт нь бодит үр нөлөөтэй хөрөнгө оруулалт болж, зохих үр өгөөжөө өгч чадахгүй байна. Харин эрх бүхий байгууллагууд бүс нутгийн санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх замаар уг эрсдэлийг бууруулж чадах юм.
Филиппин Улсын Манила хотноо төвтэй АХБ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн интеграцчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулахад чиглэн ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог.