fbpx АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ХЭВЭЭР ХАДГАЛАГДАХ БОЛОВЧ ХУДАЛДААНЫ СӨРГӨЛДӨӨН ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БОЛЗОШГҮЙ | Asian Development Bank

АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ХЭВЭЭР ХАДГАЛАГДАХ БОЛОВЧ ХУДАЛДААНЫ СӨРГӨЛДӨӨН ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БОЛЗОШГҮЙ

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС, ХОНГ КОНГ (2018 оны 9 дүгээр сарын 26) — Дотоодын эрэлт их, газрын тос, байгалийн хийн үнэ өндөр, Энэтхэгийн эдийн засгийн сэргэлт тогтворжсон зэргээс хамаарч Азийн хөгжиж буй ихэнх улс орны эдийн засгийн өсөлт тогтвортой түвшинд хадгалагдаж байна. Гэвч, улам бүр ширүүсч буй худалдааны сөргөлдөөн нь тус бүс нутгийн чадварыг шалгахын зэрэгцээ бүсийн улсуудын хоорондын худалдаа, харилцааг бэхжүүлэхийн ач холбогдлыг улам бүр мэдрүүлж байна хэмээн АХБ-ны шинэ тайланд цохон тэмдэглэжээ.

АХБ-ны эдийн засгийн үндсэн нийтлэл болох Азийн хөгжлийн төлөв 2018 шинэчилсэн тайлангийн гол дүгнэлтэд дурдсанаар Азийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлт өмнөх 4 дүгээр сарын төсөөлөлтэй нийцэж, 2018 онд 6 хувиар өснө хэмээн таамаглажээ. Түүнчлэн, 2019 оны өсөлт 4 дүгээр сарын таамагаас 0.1 нэгж хувиар буурч 5.8 хувь байна хэмээн тооцсон байна.  

“Бүс нутгийн эдийн засгийн өсөлт гадаад сорил бэрхшээлийг даван туулж, тогтворжоод байгаа бөгөөд үүнд БНХАУ, Энэтхэгийн дотоодын эрэлт өссөн нь эергээр нөлөөллөө” гэж АХБ-ны Тэргүүлэх эдийн засагч Ясуюки Савада хэлээд “Худалдааны сөргөлдөөн хурцадсанаас үүдэн олон улсын үйлдвэрлэлийн харилцаа холбоо тасрах нь бүс нутгийн эдийн засаг цаашид өсөхөд тулгарч буй гол эрсдэл юм. Гэхдээ одоог хүртэл тавигдаад байгаа худалдааны хязгаарлалтуудын шууд нөлөөнд бүс нутгийн эдийн засгийн өсөлт төдийлөн өртөхгүй болов уу” хэмээн тэмдэглэв. 

Дотоодын эрэлт сайн байгаа нь бүс нутгийн томоохон орнуудын эдийн засагт гол түлхэц болж байна. Харин Казахстан зэрэг эрчим хүч экспортлогч орнуудын хувьд газрын тос, байгалийн хийн тааламжтай үнэ эерэг өсөлтийг авчирч байна. Үүсэн бий болж буй бэрхшээлүүд нь бүс нутгийн цаашдын өсөлтийн төлөв байдлыг тодорхойгүй байдалд оруулж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Худалдааны сөргөлдөөн хурцдаад зогсохгүй хөрвөх чадвар сайтай хөрөнгө хомсдсоор байгаа нь ирэх онуудын хэтийн төлөвийг улам бүрхэг болгож болзошгүй байгаа юм.

Аж үйлдвэржсэн орнуудийн эдийн засгийн өсөлт 4-р сард хийсэн төсөөллийн түвшинд хадгалагдаж, 2018 онд 2.3 хувь, 2019 онд 2 хувиар тус тус өснө хэмээн АХБ тооцсон. Хэрэглэгчдийн худалдан авалт, олон тооны шинэ ажлын байр зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр АНУ-ын эдийн засгийн өсөлт өндөр байна. Харин Евро бүс, Японы эдийн засгийн сэргэлт оны эхний саруудад саарах хандлагатай байсан учир 2018 оны өсөлтийн төсөөллийг бага зэрэг буурууулж тооцжээ. Мөн АНУ мөнгөний бодлогынхоо хүрээнд тэнцвэртэй арга хэмжээг авах тул инфляцын дарамт учрахгүй хэмээн үзсэн байна.

БНХАУ-ын эдийн засгийн гүйцэтгэл энэ оны эхний хагаст дотоодын өндөр хэрэглээ, үйлчилгээний салбарын хурдацтай тэлэлт зэргийн нөлөөгөөр эерэг сайн гарсан. 2018 оны өсөлтийн төсөөлөл хэвээр буюу 6.6 хувьд байхаар ажиглагдаж байгаа бол 2019 оны өсөлтийн төсөөллийг 6.3 хувь болгон бууруулсан нь эрэлтийн өсөлт саарах, худалдааны сөргөлдөөн ширүүсэх зэрэг хүчин зүйлийг харгалзан үзсэнтэй холбоотой юм. Мөнгөний болон төсвийн бодлогоор дэмжигдэх нийлүүлэлт талын шинэчлэлийн үр дүнд эдийн засгийн өсөлт энэ хэвээр үргэлжилнэ хэмээн АХБ-ны тайланд дурджээ.

Энэтхэгийн эдийн засаг тогтвортой өссөн хэвээр байна. Өсөлтийн төсөөлөл хэвээр буюу 2018 онд 7.3 хувь, 2019 онд 7.6 хувь гарахаар тооцсон нь Энэтхэг улсад том мөнгөн тэмдэгтүүдийг эргэлтээс гаргаж, бараа, үйлчилгээний татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэвтрүүлэх гэж байгаа зэрэг богино хугацааны нөлөөллийг харгалзан үзсэнтэй холбоотой. Газрын тосны үнийн өсөлтийн сөрөг нөлөөг дотоод хэрэглээний өсөлт, экспорт, үүний дотор үйлдвэрлэлийн салбарын экспортын өсөлт саармагжуулна хэмээн үзсэн. Рупигийн ханшийн сулралт, санхүүгийн гадаад зах зээлийн савалгаа, инфляцын өсөлт зэрэг нь зарим бэрхшээлийг учруулах хэдий ч төсвийн чанга бодлогын үр нөлөөгөөр инфляцын дарамтаас зайлсхийх боломжтой хэмээн үзсэн.

Эдийн засгийн өсөлт Зүүн Өмнөд Азийн 10 орны зургаад нь удаашрах төлөвтэй байгаа тул 2018 оны өсөлтийн төсөөллийг 0.1 нэгж хувиар бууруулан 5.1 хувиар өснө хэмээн тооцсон. Индонез, Филиппин, Тайланд, Вьетнам зэрэг орнуудын эдийн засгийн өсөлт саарахад төсвийн санхүүжилттэй дэд бүтцийн төслүүдэд холбогдох импорт өсч цэвэр экспорт буурсан нь нөлөөлсөн. Өсөлтийг доош татах эрсдэлүүд нэлээдгүй нэмэгдсэн боловч  2019 оны өсөлтийг 5.2 хувь байна хэмээн үзсэн нь энэ оны 4-р сард хийсэн таамагтай нийцэж байна.

Газрын тос, байгалийн хийн үнийн өсөлт болон хөрөнгө оруулалт, экспортын өсөлт нь Төв Азийн эдийн засгийн өсөлт бага зэрэг өсөлттэй байх үндэслэл мөн гэж үзсэн тул энэ оны өсөлтийг 4.1 хувь байхаар тооцсон. Харин, Номхон далайн орнуудын эдийн засаг дөнгөж 1.1 хувиар буюу өмнөх таамгийн тал хувиар тэлнэ хэмээн үзсэн нь Папуа Шинэ Гвинейн газар хөдлөлтийн хор уршиг, Зүүн Тимур дахь төсвийн зарцуулалтын хомсдол зэрэгтэй холбоотой.

Энэхүү бүс нутагт тулгарч болзошгүй гол эрсдэлүүдийн тоонд АНУ-ын Холбооны Нөөц инфляцыг хянах зорилгоор бодлогын хүүгээ одоо төсөөлж байгаагаас илүү хурдан өсгөсөн тохиолдолд үүсэх санхүүгийн цочрол багтана. Гэхдээ хамгийн том эрсдэл бол бизнесийн харилцаа холбоо суларч хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнүүд цуцлагдсаны улмаас хил дамнасан үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд худалдааны маргаан улам газар авах явдал юм. Зарим улс орнууд, ялангуяа Зүүн Өмнөд Азийн орнууд, худалдааны урсгал тэднийг чиглэснээс үүдэн дунд хугацаанд үүссэн нөхцөл байдлаас хожиж болох хэдий ч хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил бүс нутгийн хэмжээнд буурснаас хөрөнгө оруулалт саарах зэрэг шууд бус үр дагаврыг амсах магадлалтай. Тиймээс Азийн орнууд бүсийн болон бусад худалдааны хэлэлцээрүүдийг байгуулахад анхаарсан хэвээр байх нь өсөн нэмэгдэж буй худалдааны эсэргүүцлийг сөрөн зогсоход чухал хамгаалалт болох юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2017 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгожээ.