Ковид-19 цар тахлын дараах Азийн бүс нутгийн сэргэлтэд дижитал технологийн хэрэглээ чухал түлхүүр болно - АХБ

News Release | 10 February 2021

Филиппин Улс, Манила хот (2021 оны 2 дугаар сарын 10) — Дижитал платформ болон бусад технологид суурилсан хэрэгслүүд нь Ази, Номхон далайн бүс нутгийн аль ч салбарын жижиг, том гэлтгүй бүх бизнес эрхлэгчдэд өсөлтийн шинэ боломжийг бий болгож байгаа бөгөөд энэхүү чиг хандлага нь бүс нутгийг коронавируст өвчин (КОВИД-19)-ний цар тахлын дараа тогтвортой сэргэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно хэмээн Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны шинэ тайланд дурджээ.

АХБ-ны гол тайлан болохАзийн эдийн засгийн интеграцийн тайлан 2021 цувралд Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн ахиц дэвшлийг судалж, худалдаа, хил дамнасан хөрөнгө оруулалт, санхүүгийн харилцан холбоо, хүмүүсийн шилжилт хөдөлгөөнд үзүүлэх цар тахлын анхдагч нөлөөг үнэлсэн байна. Тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд дижитал технологийн оруулах хувь нэмэр, цар тахлын дараах бүс нутгийн хэмжээний сэргэлтийг цахим технологиор хэрхэн өдөөж болох, мөн эрсдэлийг үр дүнтэй удирдахын зэрэгцээ цахим шилжилт, хувьслыг хурдасгах арга замуудын талаар тусгай сэдэвчилсэн бүлгийг тайлангийн сүүлийн дугаарт оруулсан байна.

“Ази, Номхон далайн орнууд цар тахлын үеэр эдийн засгаа сэргээх, дэлхийн эдийн засагт дахин холбогдохын тулд технологийн хурдацтай дэвшил, цахимжилтыг ашигласан. Технологи нь дэлхийн эдийн засагт асар их боломжуудийг бий болгох шинэ холбоосуудыг үүсгэхийн зэрэгцээ шинэ эрсдэл, сорилтыг дагуулж буй юм” гэж АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюки Савада хэлээд “Эрсдэлийг үр дүнтэй удирдаж, ид өрнөж буй дижитал эдийн засгаас авах өгөөжийг хамгийн дээд түвшинд байлган, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах замаар эдгээр ололтыг бататган хадгалахад чиглэсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх нь чухал юм” хэмээн тэмдэглэв.

Хэрэглэгчдэд чиглэсэн цахим платформуудаас бизнес эрхлэгчдийн олсон орлого дэлхийн хэмжээнд 2019 онд 3.8 их наяд ам.долларт хүрснээс Ази, Номхон далайн бүс нутагт үүний 48 орчим хувь буюу 1.8 их наяд доллар ногдож байгаа нь тус бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувьтай тэнцэж байна. КОВИД-19-ийн тархалтыг хязгаарлах хорио цээрийн арга хэмжээний үеэр такси тээврийн үйлчилгээ, хоол хүнсний хүргэлт, түгээлт, цахим худалдаа зэрэг олон тооны бизнесийн үйл ажиллагаа дижитал хэлбэрт шилжиж, идэвхжсэнээс дээрх үзүүлэлт 2020 онд ихээхэн өсөх төлөвтэй байгаа юм.

Цахим шилжилтийг түргэсгэснээр дэлхийн үйлдвэрлэл, худалдаа болон ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжтой юм. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн дижитал салбарын нийт хэмжээ 20 хувиар нэмэгдэхэд дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ 2021-2025 онуудад жил бүр дунджаар 4.3 их наяд ам.доллараар тэлэх боломжтой байна. Үүний адилаар Ази, Номхон далайн орнууд 2025 он хүртэлх 5 жилийн хугацаанд нийт 8.6 их наяд гаруй ам.доллар буюу жилд 1.7 их наяд гаруй ам.долларын эдийн засгийн өгөөж хүртэхээр байна. 2025 он хүртэл цахим технологийн хэрэглээг нэмэгдүүлснээр Ази, Номхон далайн бүс нутагт жилд дунджаар 65 сая орчим ажлын байр шинээр бий болж, бүс нутгийн худалдаа ирэх 5 жилийн хугацаанд жил бүр 1 их наяд ам.доллараар нэмэгдэх төлөвтэй байна.

Бүс нутгийн хэмжээнд засгийн газрууд дижитал дэд бүтэц, цахим холболт, нэвтрэлтийг сайжруулах, тэдгээрийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого, шинэчлэлийн арга хэмжээгээр дамжуулан өсөн нэмэгдэж буй цахим эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжтой. Эдгээрт шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэх үйл явцыг хөнгөвчлөх, хөдөлмөр болон нийгмийн хамгааллыг дижитал ажлын байртай уялдуулан сайжруулах зэрэг орно. Түүнчлэн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, татварын харилцаа, төр-хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулах хэрэгтэйг энэхүү тайланд онцолсон.

Тус тайланд дурдсанаар бүс нутгийн худалдаа 2020 оны эхний хагаст хүнд цохилтод орсон боловч хүлээгдэж байснаас хурдан сэргэх төлөвтэй байна. Азийн бүс нутагт барааны худалдаа 2020 оны 5 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хамгийн доод түвшин буюу -10.1 хувиар огцом агшсан  боловч аажмаар сэргэж, жилийн өсөлтийн хувь хэмжээ нь 9 дүгээр сараас хойш эерэг дүнтэй байна. 2019 онд Азийн орнуудыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 510.5 тэрбум ам.долларт хүрч, 7.7 хувиар буурсан. Энэхүү сөрөг хандлага 2020 онд ч үргэлжилж, дэлхийн хэмжээнд болон бүс нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгал мэдэгдэхүйц буурсан гэх тооцоо гарсан байна. Гэвч, улс орнууд цар тахлын эсрэг зарим хорио цээрээ сулруулж, эдийн засгаа дахин нээж эхэлсэнтэй уялдан бүс нутгийн хэмжээнд компанийн нэгдэх, нийлэх үйл явц идэвхижсэн нь эдийн засгийн сэргэлтийн нэг дохио болж байна.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.