МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2021 оны 8 дугаар сарын 27) — Монгол Улс Азийн Хөгжлийн Банк (АХБ)-нд гишүүнээр элссэний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Орон нутгийн хөгжлийг дэмжих Азийн Хөгжлийн Банкны түншлэл” сэдэвт цуврал уулзалт-хэлэлцүүлэг Төв, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудыг хамран төвийн бүсийн арга хэмжээгээр үргэлжилж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь орон нутгийн эдийн засгийг дэмжих, ажлын байрыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцоллоо. 

“Эдгээр бүсийн уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгуулснаар төслүүдийн үр дүнг үнэлэхээс гадна цаашид АХБ-наас Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааг чиглүүлэхэд дөхөм болно” гэж АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлээд “Монгол Улсад КОВИД-19-ийн хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэх нь бидний нэн тэргүүний зорилго бөгөөд орон нутгийн болон засгийн газрын түвшинд дэлгэрэнгүй зөвлөлдөх нь энэхүү зорилгоо биелүүлэхэд чухал юм.” хэмээн тэмдэглэв.

Уулзалт-хэлэлцүүлгийн эхний хэсэгт эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, хот байгуулалтын салбарт хэрэгжиж буй төслүүдийн орон нутгийн нийгэм, эдийн засагт үзүүлсэн үр нөлөөтэй танилцав. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудыг төлөөлөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга нар АХБ-ны урт хугацааны хамтын ажиллагаанд талархал илэрхийлэхийн зэрэгцээ КОВИД-19 цар тахалаас үүдэлтэй эдийн засгийн уналтыг даван туулахад амьжиргааг дэмжих арга хэмжээнүүд чухал шаардлагатай болохыг онцоллоо.

Арга хэмжээний хоёр дахь хэсэгт төвийн бүсийн тогтвортой хөгжил болон АХБ-наас үзүүлэх дэмжлэг тусалцааны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Засгийн газрын болон орон нутгийн засаг захиргааны төлөөлөл оролцсон энэхүү хэлэлцүүлгээр аймгуудийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, тэр дундаа орон нутагт хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих болон орон нутгийн хөгжилд оруулах АХБ-ны хувь нэмэрийн талаар хөндөн ярилцлаа.

Монгол Улсын төвийн бүс нь хөдөө аж ахуй хөгжүүлэхэд тохиромжтой цаг уур, газар зүйн онцлогтойгоос гадна улсын нийслэл бөгөөд эдийн засгийн төв болох Улаанбаатар хотод ойр оршдог. Энэхүү бүс нутагт сүүлийн 20 жилийн хугацаанд мал сүргийн тоо толгой нэмэгдсэн, мөн уул уурхайн олборлолт идэвхитэй хийгдсэн нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн ач холбогдлыг улам тодруулж байгаа юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact