fbpx Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл сайжирч, өсөлтийн хэмжээ хүлээлтээс давлаа | Asian Development Bank

Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл сайжирч, өсөлтийн хэмжээ хүлээлтээс давлаа

News from Country Offices | 26 September 2017

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС (2017 оны 09 сарын 26-ны өдөр) – Монгол улсын эдийн засгийн 2017 оны эхний хагаст ажиглагдсан эерэг гүйцэтгэл нь нүүрсний экспорт нэмэгдэж, бизнесийн орчин сайжирснаар цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтаа хадгалж, гадаад орчин таатай хэвээр байвал Монголын эдийн засаг улам сэргэх боломжтой байна гэж Азийн хөгжлийн банк (АХБ)-наас гаргасан шинэхэн тайланд дурджээ.

АХБ жил бүр нийтлэн гаргадаг эдийн засгийн гол тайлан болох “Азийн хөгжлийн төлөв 2017” тайлангийнхаа шинэчилсэн дугаарт Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2017 онд 4 хувь болон 2018 онд 3 хувь байна гэж төсөөлсөн нь 4 дүгээр сард гаргасан 2.5 болон 2 хувийн таамаглалтай харьцуулахад өссөн дүн юм.

“Монголын эдийн засгийн өсөлт 2017 онд хүлээгдэж байснаас илүү өндөр байлаа” гэж АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлээд, “Ирээдүйн эдийн засгийн өсөлтийг хангахад нэн чухал уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх Засгийн газрын эрмэлзэл нь төлөвлөгөөт хөрөнгө оруулалтыг баталгаажуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Монголын ашигт малтмалын нөөц баялгийн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь улс орны ирээдүйн хөгжилд чухал хэдий ч, уул уурхайн салбарт тулгуурласан өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй байлгах, мөн эдийн засгийн төрөлжилт, илүү өндөр бүтээмжийг бий болгохын тулд бүр ч их зүйлийг хийх хэрэгтэй болно.” гэв.

Эдийн засаг 2016 онд 1.2 хувийн өсөлттэй байсан бол 2017 оны эхний хагаст 5.3 хувиар өсч хүчтэй сэргэсэн байна. Нүүрсний экспорт цаашид ч өндөр хэвээр байх магадлал, мөн бизнес хийх итгэлийг сэргээхэд нэмэр болсон ОУВС-гийн хөтөлбөр 5 дугаар сард батлагдсан зэрэг нь таамаг хамрах хугацаанд өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлс юм.

Оны эхний хагаст төсвийн орлого 41.1 хувиар өссөнөөр төсвийн зарлага 9.6 хувиар өсч, улмаар төсвийн алдагдал 34.1 хувиар буурч дотоодын нийт бүтээгдэхүүний 5.8 хувьтай тэнцсэн байна. Мөн эхний хагас жилд нүүрсний экспорт огцом нэмэгдэж гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 69.5 хувиар өсч, урсгал дансны алдагдал 42.8 хувиар буурч ДНБ-ний 5.6 хувьтай тэнцэж байна. Гадаад валютын албан нөөц 6 дугаар сарын эцсийн байдлаар 2016 оны эцсийнхээс өөрчлөгдөөгүй буюу 1.3 тэрбум ам.доллар байгаа нь 2.6 сарын импортын дүнтэй тэнцэж байна. Эдгээрээс улбаалан оны эхнээс 6 дугаар сар хүртэлх хугацаанд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.6 хувиар чангарчээ.

Инфляци эхний хагас жилд дунджаар 3.0 хувьтай байсан нь 2016 онд төгрөг суларч импортийн өндөр үнээр дамжин үнийн өсөлтөд нөлөөлж эхэлсэнтэй холбоотой. Түлшинд тавигдсан онцгой татвар түлшний үнийн өсөлтөд нөлөөлөөгүй учир инфляцийн таамгийг бууруулж тогтоолоо. Оны хоёрдугаар хагас жилд импортын хэмжээ үргэлжлэн өсөх хандлагатай байгаа учир урсгал дансны алдагдал энэ жил ба ирэх жил нэмэгдэх төлөвтэй байна.  

Өсөлт буурахад нөлөөлөх эрсдэлд түүхий эдийн үнэ буурах, газар нутгийн дийлэнх хэсэгт гантай байгаагаас газар тариалан, мал аж ахуйн салбарт нөлөөлөх  зэргийг нэрлэж болно. Өсөлт нэмэгдэхэд нөлөөлөх хүчин зүйлд БНХАУ-ын өсөлт үргэлжлэх, тус улсын нүүрсний дотоодын нийлүүлэлтэд шок үүсэх, мөн зэсийн үнэ өсөх зэргийг дурдаж болно.

Энэ оны 5 дугаар сард АХБ, Монгол Улсын Засгийн газрын хэлэлцэн баталсан ирэх 4 жилд хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратеги нь эдийн засгийн хүндрэлтэй цаг үед хүртээмжтэй өсөлтийг хангахад Монгол Улсад туслах юм. Түншлэлийн стратегийн хүрээнд 2020 он хүртэл АХБ Монгол Улсад нийт 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгох бөгөөд нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих гэсэн үндсэн 3 чиглэл дээр төвлөрч ажиллана. Төрийн салбарын удирдлага, жендерийн тэгш байдал гэсэн хоёр чухал сэдэв нь бүх салбарыг хамарсан байдлаар уг стратегид тусгагдсан.

Филиппин Улсын Манила хотноо төвтэй АХБ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн интеграцчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банк нь бүс нутаг дахь хөгжлийн түншлэлийн 50 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байна. АХБ-ны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2016 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ 31.7 тэрбум ам.доллар байгаагаас 14 тэрбум ам.долларыг хамтын санхүүжилтээр олгосон байна.