fbpx АХБ: 2018, 2019 ОНУУДАД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ ҮРГЭЛЖИЛНЭ | Asian Development Bank

АХБ: 2018, 2019 ОНУУДАД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ ҮРГЭЛЖИЛНЭ

News from Country Offices | 11 April 2018

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС (2018 оны 4 дүгээр сарын 11) — 2017 онд нүүрсний экспорт, уул уурхайн хөрөнгө оруулалт сайжирснаар Монголын эдийн засгийн өсөлт хүчтэй явагдсан. Энэ өсөлт 2018, 2019 онуудад үргэлжилнэ, гэхдээ эрч нь саарна гэж Азийн хөгжлийн банк (АХБ)-наас гаргасан шинэ тайланд дурдсан байна.

Шинэхэн нийтлэгдсэн Азийн хөгжлийн төлөв 2018 тайланд 2017 онд 5.1 хувьтай байсан Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлтийн хурд 2018 онд саарч 3.8 хувь болох ч, 2019 онд эргээд бага зэрэг нэмэгдэж 4.3 хувь болно гэж таамаглажээ. ДНБ-ий өсөлт 2016 онд 1.2 хувьтай байв. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, нэн ялангуяа Оюу Толгойн далд уурхайн хөгжүүлэлт нь өсөлтийг дэмжих гол хөдөлгүүр хэвээр байх болно. Гэвч тээвэрлэлтийн саад бэрхшээлээс улбаалан нүүрсний экспортын хэмжээ 2017 оны гүйцэтгэлд хүрэхгүй, харин 2019 онд асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзсэн байна.

“2018, 2019 онуудад Монголын эдийн засгийн өсөлт хүчтэй байх төлөвтэй байна” гэж АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлээд “Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх нь өсөлтийн эрчийг хэвээр хадгалах үндэс болно. Эдийн засгийн гүйцэтгэл Олон улсын валютын сангийн хөтөлбөрт төсөөлснөөс илүү сайн байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулахад дэмтэй байна. Уг хөтөлбөрийг засгийн газрын зүгээс үргэлжлүүлэн дэмжих нь ирээдүйд макро эдийн засгийн нөөц, бодлогын орон зай бүрдүүлэхэд төдийгүй Монголын мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн тэмдэглэв.

Онцгой албан татвар нэмэгдэж, төгрөгийн ханш 2016 онд 24.7 хувиар суларсан нь импортын үнэд нөлөөлсөн, мөн гантай байснаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалж 2017 онд инфляцийн түвшин 4.3 хувьтай гарсан. Харин энэ түвшин 2018 онд нэмэгдэж 8 хувь, 2019 онд 7 хувь болно гэж АХБ таамаглажээ. Дотоодын эрэлт нэмэгдэж, газрын тос, хүнсний үнэ олон улсын зах зээл дээр өсөхийн зэрэгцээ 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр 2018 онд инфляци өсөх аж. Харин газрын тосны үнэ буурч, дотоодын эрэлт саарахын хэрээр эдгээрийн үр нөлөө 2019 онд саармагжих төлөвтэй байна.

Монгол Улсын төсвийн алдагдал 2017 онд ДНБ-ий 3.9 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд ДНБ-ий 6.4 хувь, 2019 онд 5.1 хувь болно гэж тооцоолсон. Энэ нь нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал, тоног төхөөрөмжийн зардал нэмэгдэхийн хажуугаар жижиг, дунд үйлдвэрүүдийн татварын ачаалал, тайлагналын шаардлагыг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэлснээр төсвийн орлогын бүрдүүлэлт хумигдах магадлалтай байгаагаар тайлбарлагдаж байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс сэргэсэн, олон улсын хөгжлийн түншүүд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, худалдааны нөхцөл сайжирсан зэргээс гадаад өрийн томоохон хэсгийг дахин санхүүжүүлэх боломж бүрдсэн. Нийт нөөц хоёр дахин нэмэгдэж 5.5 сарын импортыг санхүүжүүлэх хэмжээнд хүрсэн. Эдгээрээс шалтгаалан төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2.5 хувиар чангарсан юм. Урсгал дансны алдагдал 2018 онд буурч 6.3 хувь, харин 2019 онд 7 хувь болно гэжтооцоолсон байна.

Эдгээр төлөвт нөлөөлж болох сөрөг эрсдэлд нүүрс, зэсийн үнэ буурах, өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтэд саад учрах, махны үнэ өсөх, Оюу Толгойн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт тасалдах, банкуудын бүтцийн өөрчлөлтийг хийх явцад санхүүгийн тогтвортой байдал алдагдах зэргийг дурдаж болно. Харин ашигт малтмалын үнэ өсөх, уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжиж эхлэх зэрэг нь энэхүү төлөвт эерэг нөлөө үзүүлж болзошгүй юм.

Филиппин Улсын Манила хотноо төвтэй АХБ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн интеграцчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулахад чиглэн ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог.