МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2019 оны 9 дүгээр сарын 25) — Монгол улсын эдийн засгийн өсөлт 2019 болон 2020 онд өмнөх оноос яльгүй саарах ч тогтвортой хөгжлийг цогцлоох замд орсноор эдийн засгийн өсөлт ч тогтвортой түвшинд хадгалагдана.

АХБ-ны эдийн засгийн голлох нийтлэл болох Азийн хөгжлийн төлөв 2019 шинэчилсэн тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 7.2 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7%, 2020 онд 6.1% болно хэмээн таамагласан байна.

Дотоод эрэлт өсч, уул уурхай болон барилгын салбарууд тэлсэн нь 2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлөв. Жилийн сүүлийн хагаст Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын эрэлт саарч, мөн дотоод эрэлт нь импортын өсөлтийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт удаашрахаар байна гэж тайланд дурджээ.

“2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн гүйцэтгэл төсөөллөөс давсан” гэж АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлээд “2019, 2020 онуудад Монгол улсын эдийн засгийн өсөлт эерэг хандлагатай байх боловч БНХАУ-ын эдийн засгийн удаашрал нь Монгол улсын экспортын салбарт нөлөөлнө. Хэрэв 2017 оноос хойшхи макро эдийн засгийн таатай байдлыг засгийн газар ашиглаж чадвал энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Монгол улсын эдийн засаг, ялангуяа түүхий эдийн салбар нь гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Иймд бодлогын орон зай, эдийн засгийн нөөцийг бүрдүүлэх боломж олгох үр ашигтай макро эдийн засгийн бодлого баримтлах нь Монгол Улсын эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Бүтцийн шинэчлэлүүд, ялангуяа банкны салбар дахь бүтцийн шинэчлэлүүд нь чухал хэвээр байх бөгөөд эдийн засгийн өндөр өсөлттэй энэ үед эдгээр асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй юм” хэмээн тэмдэглэв.

Дотоод эрэлтээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсээр байгаа бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжилнэ. Үйлчилгээний салбарын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө өндөр хэвээр байгаа ба хөдөө аж ахуйн салбарын сэргэлт үргэлжлэх төлөвтэй байна.

Инфляци 6 дугаар сарын дунджаар 8.1% байсан бол өсөн нэмэгдэж буй дотоод эрэлт, хүнсний өндөр үнэтэй холбоотойгоор 2019 онд 8.5% байхаар байна. 2020 онд эдгээр хүчин зүйлүүдийн нөлөө харьцангуй бага байх тул инфляци 7.5% болж буурна. 2019 оны эхний хагаст урсгал дансны алдагдал 10.2% болж багассан ба 2020 онд импортын эрэлтээс үүдэлтэйгээр алдагдал нэмэгдэхээр байна. Монгол улсын нэгдсэн төсөв 2019 оны эхний хагаст дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан ба шинээр олгосон зээлийн өсөлт 5.0 хувьтай байснаар нийт зээлийн өсөлт буурсан. Чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувьд хүрч өссөн байна.

Монгол улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савалгаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Дотоод эдийн засгийн нөхцөл байдлын хувьд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй банкуудыг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй байна.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact